Хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн
Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улс Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан энхийг эрхэмлэсэн гадаад бодлоно явуулна” гэж заасан
Хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуульт байгууламжийг хүчээр өөрчлөх, яс үндэс, шашин, ангийн үзэлд харш байдлаар ашиглах, хүч хэрэглэх болон дайн өдөөхийг сурталчлахад ашиглахыг хориглоно. /НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал. 28 дугаар зүйл /
Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль орчноо хамгаалах эрх, үүрэгтэй гэж заасан. /Үндсэн хуулийн 16.13, 17.4/
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 72.5-д “Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй” гэж заасан.
Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг гэдэг нь хүн төрөлхтний аюулгүй байдал, дэлхий нийтийн энх тайван, амар жимэр байдалд халдсан зэвсэгт мөргөлдөөн гаргах, дайныг сурталчлах, уриалах, хориглосон арга хэрэгслээр дайн хийх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах, олон улсын хамгаалалтанд байдаг хүмүүст халдан довтлох, төрлөөр устгах, хөлсний цэрэг ашиглах, байгалийн тэнцэл алдагдуулах зэрэг Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйнүүдийн цогц бүрдэл юм.
Энэ бүлэгт заасан гэмт хэргүүд нь хүн төрөлхтний аюулгүй байдал улс хоорондын найрсаг харилцаанд хор хохирол учруулдаг нийгэмд онц аюултай олон улсын шинжтэй гэмт хэргүүд юм.
Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргийг тэдгээр гэмт хэргийн шинж чанараас нь хамааруулан:
- Энх тайван, улс орнуудын энхтайвнаар зэрэгцэн оршихын эсрэг гэмт хэргүүд
- Дайныг сурталчлах гэмт хэрэг /ЭХ-ийн 298-р зүйл /
- Зэвсэгт мөргөлдөөн гаргах /ЭХ-ийн 297-р зүйл /
- Хориглосон хэрэгслээр дайн хийх /ЭХ-ийн 299-р зүйл /
- Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох /ЭХ-ийн 298-р зүйл /
- Хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд
- Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах /ЭХ-ийн 300-р зүйл /
- Төрлөөр нь устгах /ЭХ-ийн 307-р зүйл /
- Хөлсний цэрэг ашиглах /ЭХ-ийн 303-р зүйл /
- Байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг
- Байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг /ЭХ-ийн 304-р зүйл/ гэж ангилна.
Нийтлэг бүрэлдэхүүн:
Объект: Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайван байдлыг хангах үндсэн зарчмууд юм. Хүний амь бие эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нэмэгдэл объект болно.
Халдлагын зүйл: Эрүүгийн хуулийн 300-р зүйлд үй олноор хөнөөх зэвсэг, 302-р зүйлд хүн, 304 дүгээр зүйлд амьтан, ургамал халдлагын зүйл юм.
Объектив тал: Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргүүд гол төлөв идэвхтэй үйлдлээр хэрэгждэг /ЭХ-ийн 297-302 дугаар зүйл/.
ЭХ-ийн 300, 303, 304 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд үйлдэл, эс үйлдэхүйн аль алинаар нь хэрэгждэг
ЭХ-ийн 297, 298, 299,300, 303 -р зүйлд заасан гэмт хэргүүд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. ЭХ-ийн 302, 304 дугаар зүйлд заасан гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй.
Субъектив тал: Энэ бүлэгт заасан гэмт хэргүүд бүгд санаатай, тусгай зорилготой байдаг.
Субъект бол хүн төрөлхтөн, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлан ойлгосон хэр нь ингэхийг хүссэн байдаг.
ЭХ-ийн 298, 302-р зүйлд заасан гэмт хэргүүд тусгай зорилготой.
Субъект: Хэрэг хариуцах чадвартай, 16 насанд хүрсэн этгээд байна.
ЭХ-ийн 298.2, 303.2-т бол тусгай субъект байна.
2. Энх тайван, улс орнуудын энхтайвнаар зэрэгцэн оршихын эсрэг гэмт хэргүүд
Зэвсэгт мөргөлдөөн гаргах /ЭХ-ийн 297-р зүйл/
Объект: Улс хоорондын болон бүс нутгийн аюулгүй байдал
Объектив тал: Улс хоорондын буюу бүс нутгийг хамарсан зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна. Нэг улсын дотор зэвсэгт үймээн дэгдээвэл ЭХ-ийн 83 дугаар зүйлд заасан гэмт хэрэг юм.
Зэвсэгт мөргөлдөөн гэж хоёр ба түүнээс дээш тооны тусгаар улсын зэвсэгт хүчнүүдийн хооронд эсвэл улс орны дотоодод сөрөг хүчнүүд хууль ёсны засгийн газрын зэвсэгт хүчний эсрэг зэвсэглэж боссон үед үүсдэг зэвсэг хэрэглэсэн тэмцлийг /байлдаан/ хэлнэ.
Зэвсэгт мөргөлдөөний үед хоёр тал аль аль нь 1977 оны НҮБ-ын энгийн иргэд, дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай конвенцийн нэмэгдэл протоколын заалтыг удирдлага болгон зэвсэгт дайралтыг иргэний объектуудын эсрэг хийхгүй байх үүрэг хүлээнэ. Түүнчлэн зэвсэгт халдлагыг энгийн иргэд, хүн амын өдөр тутмын хэрэглээний зүйл болох хүнсний үйлдвэр, усан сан зэрэг чухал объектод хийхгүй байх, хүүхэд эмэгтэйчүүд, шархдагсдыг онцгой хамгаалалтад авах үүрэгтэй.
Субъектив тал: Шууд санаатай, зэвсэгт мөргөлдөөн үүсгэх гэсэн тусгай зорилготой байна.
Субъект: Зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Зүйлчлэлийн асуудал:
Дайныг сурталчлах /ЭХ-ийн 298-р зүйл/
Объект: Улс хоорондын хэвийн, энх тайванч харилцаа
Объектив тал: Олон нийтийн дунд дайн явуулахыг
- сурталчилсан,
- дайнд уриалсан идэвхтэй үйлдэл байна.
Олон нийтийн дунд дайн явуулахыг сурталчлах гэж субъект амаар болон бичгээр бусад улсын эсрэг дайн явууах зайлшгүй шаардлагатай болохыг ухуулах үйлдэл юм. Ингэж ухуулан сурталчилсэн үеэс гэмт хэрэг төгсөнө.
Уриалах гэдэг нь дайн явуулах нь зайлшгүй шаардлагатай болохыг уриалсан агуулгатай материал сонин хэвлэлд нийтлүүлж тараах, эсвэл хурал, цуглаан дээр олон хүнд хандаж ухуулах, ухуулах хуудас тараах, радио, телевизээр ярих зэрэг хэлбэртэй байж болно.
Субъектив тал: Шууд санаатай, дайн өдөөх тусгай зорилготой байна.
Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 298.2/
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах замаар буюу төрийн албан хаагч үйлдсэн бол ялыг хүндрүүлнэ.
Зүйлчлэлийн асуудал:
Хориглосон арга хэрэгслээр дайн хийх /ЭХ-ийн 299-р зүйл/
ЭХ-ийн 299-р зүйл 1 дэх хэсэг:
Объект: Дайтаж байгаа улс орнуудын зэвсэгт хүчин энгийн хүн амын аюулгүй байдал
Объектив тал:
- Олзлогдсод , энгийн хүн амтай харгис хэрцгий харьцсан,
- хүн амыг оршин суугаа нутгаас нь албадан зайлуулсан,
- эзлэгдсэн нутагт түүх соёлын үнэт зүйлийг тонон дээрэмдсэн,
- зэвсэгт мөргөлдөөний үеэр Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон арга хэрэгсэл хэрэглэсэн үйлдлүүдийн аль нэг байна.
Дайн гэж дайнд оролцогчид олноороо үхэж үрэгдэх, эрэмдэг, зэрэмдэг, тахир дутуу болох, өнчрөл, хагацал үүсгэх, эд хөрөнгө устгахад хүргэдэх хоёр ба хэд хэдэн улсуудын хооронд явагдаж буй зэвсэгт тэмцэл юм.
Олзлогсод, хүн амтай харгис хэрцгий харьцсан гэж тэднийг хүнлэг бус нөхцөлд хорьж, амь нас, эрүүл мэндийг аюултай байдалд оруулахад чиглэгдсэн хүнлэг бус харьцааг ойлгоно.
Хүн амыг оршин суугаа газраас нь албадан зайлуулах гэж дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай 1949 оны Конвенцид хориглосон үйл ажиллагаа явуулсан, тухайлбал, хүн амыг (тодорхой үндэстэн,ястнуудыг) уугуул нутаг, орноос албадан хөөх гэх мэт хүнлэг бус үйл ажиллагаа юм. Жишээ нь: И.В.Сталин дэглэм, дайны үед Чечени, Халимагуудыг уугуул нутгаас нь албадан зайлуулж Сибирь, казахстанд цөлж байсан гашуун сургамж түүх болон үлджээ.
Субъектив тал: Шууд санаатай
Субъект: Дайн явуулж буй зэвсэгт хүчнүүдийн дээд тушаалын офицерууд байна.
ЭХ-ийн 299-р зүйл 2 дахь хэсэг:
Объект: Дайтаж буй зэвсэгт хүчнүүдийн болон хүн амын аюулгүй байдал
Объектив тал: Монгол улсын олон улсын гэрээгээр хориглосон хүн амыг үй олноор нь хөнөөх, устгах зэвсэг хэрэглэсэн үйлдэл байна. 1977 оны Женевийн “Дайны хууль, уламжлалын тухай конвенц”-д зааснаар онцын шаардлагагүйгээр хүн амыг үй олноор хөнөөх чадалтай аливаа химийн болон бактериологийн, атомын зэвсэг хэрэглэхийг хориглосон.
Субъектив тал: Шууд санаатай
Субъект: Ийм зэвсэг хэрэглэх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан байна.
Зүйлчлэлийн асуудал:
Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох /ЭХ-ийн 301-р зүйл/
Объект: Улс хоорондын энх тайванч нөхөрсөг, гадаад харилцаа, олон улсын хамгаалалтад байдаг хүмүүсийн амьд явах эрх, халдашгүй дархан байдал
Халдлагад өртөгч: Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүс
Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүс гэдэгт НҮБ-ын 1973 оны Конвенцийн нэгдүгээр зүйлд зааснаар олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст "Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, гадаад улсад байх үедээ гадаад хэргийн сайд, эдгээр хүмүүсийг гадаадад дагалдан яваа гэр бүлийн гишүүд, төрийн төлөөлөгч буюу тусгай хамгаалалтад байх эрх бүхий бусад албан тушаалтан, Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагын ажилтан буюу төлөөлөгч, тэдэнтэй хамт амьдарч буй гэр бүлийн гишүүд”-ийг хамааруулсан байна.
Харин Монгол Улсын ЭХ-ийн 301 дүгээр зүйлийн тайлбарт бол “Гадаад улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, гадаад улсын худалдааны байгууллагын ажилтнууд, дипломат элч, түүнчлэн гадаад улсаас тус улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын төрийн тэргүүн, түүний гэр бүл бусад Монгол улсад өөрийн улсын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд хамаарна” гэж заасан.
Объектив тал: Олон улсын хамгаалалтад байдаг гадаад улсын төлөөлөгч, олон улсын байгууллагын ажилтан, түүнчлэн тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдан довтолсон идэвхтэй үйлдэл байна. Халдан довтолсноор төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Довтолсон гэдэг нь хуульд заасан зорилгоор олон улсын хамгаалалтад байдаг хүмүүс гэдгийг сайтар мэдэж байсны үндсэн дээр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэх алахаар заналхийлсэн, зодсон, гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл юм.
Албан өрөөнд халдан довтолсон гэж нэр бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн албан өрөөнд нь дайран орох, эд хөрөнгө, хаалга үүдийг эвдэхийг ойлгоно.
Тээврийн хэрэгсэлд довтлох гэж тээврийн хэрэгслийг албадан зогсоосон, шилийг хагалсан, дугуйг нь цоолсон зэрэг явахад саад хийснийг хэлнэ.
Субъектив тал: Дайн өдөөх, улс хоорондын харилцааг хурцатгах зорилго бүхий шууд санаатай байна
Субъект: 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн хэн ч байж болно.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 301.2/
Энэ хэргийг үйлдэхдээ
· олон улсын хамгаалалтад байдаг хүмүүсийг алсан,
· барьцаалсан,
· эд хөрөнгийг их хэмжээгээр гэмтээсэн, устгасан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
- Дайн өдөөх, хоёр улсын хоорондын харилцааг хурцатгах зорилгоор дээр дурдсан хүмүүст довтолсон үйлдэл хийснээр гэмт хэрэг төгсөнө. Орон байранд мөн зорилгоор довтолбол орон байрны халдашгүй байдлыг зөрчих гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй.
· Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст шунахай сэдэлтээр халдан довтолсон, эд зүйлийг дээрэмдсэн, хардах, өш хонзонгийн сэдэлтээр алсан, хүнд гэмтэл учруулсан бол ЭХ-ийн 148, 91 дүгээр зүйлээр зүйлчлэхгүй. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг юм.
- Довтолгооны үед олон улсын хамгаалалтад байдаг хүмүүсийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт учруулсан, эд хөрөнгийг бага бус, үлэмж хэмжээтэй устгасан бол ЭХ-ийн холбогдох зүйлээр давхар зүйлчлэнэ.
- Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүс гэдгийг мэдээгүй, хувийн болон шунахай сэдэлтэй довтолсон бол энэ гэмт хэрэг болохгүй. ЭХ-ийн бусад зүйлээр зүйлчлэгдэнэ.
3. Хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд
Үй олноор нь хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах /ЭХ-ийн 300-р зүйл/
Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул нь үй олноор хөнөөх цөмийн болон биологийн зэвсгийг аливаа улс бий болгон зөрөлдөөнтэй асуудлуудыг шийдвэрлэхэд гол хэрэгсэл болгон ашигласнаар хүн амыг үй олноор нь хөнөөх, насан туршид нь эрэмдэг зэрэмдэг болгодог, амьтан ургамлыг устгаж, улмаар экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг байдлаар илэрнэ.
Халдлагын зүйл: Хими, биологийн болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг
Үй олноор хөнөөх зэвсэг гэдэгт хүчтэй дэлбэрэлт үүсгэх, эсхүл радио идэвхт материалуудын тусламжтайгаар үйлчилдэг ямар ч сонголтгүйгээр хүн амыг үй олноор нь устгадаг, гэмтээдэг үйлчилгээтэй хими, биологи, атомын зэвсэг юм.
Объект: Улс орнуудын хооронд энх тайванч байдлыг хангах бүх нийтийн ашиг сонирхол. Хүн төрөлхтний аюулгүй байдал
Объектив тал: Монгол улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг
- олж авсан,
- бүтээсэн,
- тараасан үйлдэл, эс үйлдэхүйн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Олж авсан гэж худалдаа, арилжаа, солилцоогоор, хууль бус аргаар өөртөө авсан байхыг, бүтээсэн гэж ийм зэвсгийг үйлдвэрийн болон гар аргаар хийсэн байхыг, тараасан гэж ийм зэвсгийг бусдад худалдсан, олон хүний хүртээл болгосныг тус тус ойлгоно.
Субъектив тал: Шууд санаатай, ийм зэвсэг бүтээх, олж авах, тараах тусгай зорилготой.
Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хэн ч байж болно.
Зүйлчлэлийн асуудал:
Төрлөөр нь устгах /ЭХ-ийн 302-р зүйл/
Объект: Үндэстэн бүрийн аюулгүй байдал, оршин амьдрах эрх
Халдлагын зүйл: Тодорхой нэг үндэстэн (ястан байж болно.)
НҮБ-ын 1948.12.9-ний “Төрлөөр устгах /геноцид/ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” тухай конвенцид үндэс, угсаа, арьсны өнгө буюу шашин шүтлэг нэгтэйнх нь хувьд аливаа хэсэг бүлэг хүмүүсийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь устгах зорилгоор а/тийм бүлгийн гишүүдийг алах, б/бие махбодид ноцтой гэмтэл учруулах, в/ухаан санаанд нь согог суулгах, г/тийм бүлгийг бүхэлд нь буюу зарим хэсгийг устгахад чиглэсэн амьдрал ахуйн тэсвэрлэшгүй нөхцөлийг санаатайгаар бий болгох, д/тийм бүлгийн дотор төрөлтийг зогсооход чиглэсэн арга хэмжээ авах, е/хүүхдийг нь бүлгээс нөгөө бүлэгт хүчээр шилжүүлэх нь төрлөөр устгах гэмт хэрэг болно” гэж заасан.
Объектив тал: Үндэс, угсаа, арьсны өнгө болон хүн ам, шашны тодорхой бүлгийг устгах зорилгоор
- хүнийг алсан,
- бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан,
- төрөлтийг хүчээр зогсоосон,
- хүүхдийг нь бусад бүлэгт шилжүүлсэн,
- албадан зайлуулсан,
- амьдралын өөр нөхцөл бий болгор замаар тэднийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устаж үгүй болоход хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүй юм.
Төрөлтийг хүчээр зогсоох гэдэг нь тодорхой бүлгийн эрэгтэй гишүүдийг өсөн үржих чадварын үед хууль бусаар, тэдний хүсэл зоригоос гадуур засаж хөнгөлөх, эмэгтэйчүүдийн жирэмслэлтийг зогсоох, хүчээр үр хөндүүлэх, үр тогтоох боломжгүй өвчнөөр халдварлуулах зэрэг хүүхэд гаргах, нөхөн үржих бололцоог хаагдуулсан зэрэг бусад үйлдэл юм.
Амьдралын өөр нөхцөл бий болгох гэдэг нь тодорхой үндэстэн, ястан аажимдаа үхэж үрэгдэх, тийм тэсвэрлэшгүй амьдралын нөхцөл бий болгох, тухайлбал тэднийг радио идэвхт бодис, хими, биологийн хорт бодисоор алгуур хордуулах, гоц халдварт өвчин тараахзэргээр аяандаа сөнөх урьдилсан нөхцөл бүрдүүлэхийг хэлнэ.
Субъектив тал: Шууд санаатай, тодорхой үндэстэнг үгүй болгох зорилготой байна.
Субъект: 16 насанд хүрсэн нийтлэг субъект байна
Зүйлчлэлийн асуудал:
Хөлсний цэрэг ашиглах /ЭХ-ийн 303-р зүйл/
Объект: Улсууд хоорондын энхтайванч гадаад бодлогыг хангахад чиглэгдсэн нийгмийн харилцаа
Объектив тал: Зэвсэгт мөргөлдөөн дайны үйл ажиллагаанд гадаад улсын хөлсний цэрэг
· ашигласан,
· түүнийг сургаж бэлтгэсэн,
· санхүүжүүлсэн,
· бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байна.
Хөлсний цэрэг гэж зэвсэгт мөргөлдөөн, цэрэг, дайны ажиллагаанд оролцож байгаа улсын иргэн бус тэр улсад оршин суудаггүй тодорхой мөнгө, эд хөрөнгө авч хөлсөлсөн улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орж байлдаж байгаа этгээд юм.
Сургаж, бэлтгэсэн гэж түүнийг хорлон сүйтгэх болон зэвсэгт мөргөлдөөнд үр дүнтэй ашиглахын тулд тусгайлан сургалт явуулсан байхыг ойлгоно.
Санхүүжүүлсэн гэж тэднийг үүргээ биелүүлэх бүх боломж, эд зүйл мөнгө төгрөгөөр хангалт хийхийг,
Бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн гэж зэвсэг, хувцас, машин, тусгай хэрэгслээр хангахыг тус тус ойлгоно.
Субъектив тал: Шууд санаатай, хөлсний цэрэг ашиглах гэсэн зорилготой байна
Субъект: Нийтлэг субъект байна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 303.2/
Энэ хэргийг
· албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн,
· насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Албан тушаалын байдлаа ашигласан гэж хөлсний цэргийг элсүүлэн авч түүнийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулсныг хэлнэ.
ЭХ-ийн 303-р зүйлийн 3 дахь хэсэг:
Хөлсний цэрэг зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд оролцсон үйлдэл байна.
Зүйлчлэлийн асуудал:
Байгалийн тэнцэл алдагдуулах /ЭХ-ийн 304-р зүйл/
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан.
Объект: Хүн төрөлхтөн, тодорхой хүн амын аюулгүй байдал
“Амьтны аймаг”, “Ургамлын төрөл зүйл” гэдгийн тайлбарыг ЭХ-ийн 203, 205, 209 дүгээр зүйлийн тайлбарт тусгайлан авч үзсэн болно.
Объектив тал: Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь
- гэмтээсэн,
- устгасан,
- бусад хэлбэрээр байгалийн тэнцлийг алдагдуулсан үйлдэл, эс үйлдэхүй байна.
- энэ үйлдэл, эс үйлдэхүй нь байгалийн гамшигт хүргэсэн байна.
Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь гэмтээсэн гэж ховордсон амьтан, нэн ховор ургамлын төрөл зүйлийг устах нөхцөл бүрдүүлж, өсөж үржих нөхцөлийг алдагдуулах замаар гэмтээсэн байхыг, Устгасан гэж дээр дурдсан амьтан, ургамлыг бүрмөсөн алга болгохыг тус тус ойлгоно .
Байгалийн гамшиг гэдэг нь байгаль орчинтой зүй бусаар харьцаж тэнцлийг алдагдуулсанаас хүн ам, амьтан ургамал олноороо үхэж үрэгдэх, устаж алга болох үзэгдэл юм.
Субъектив тал: Шууд ба шууд бус санаатай
Субъект: Төрийн албан тушаалтан энгийн иргэд байна
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
Багшаа зарим зүйл рүү нь орох гэхээр код нэхээд байна ... нэвтрэх эрхгүй байна гээд байна. Жнь: тест рүү, шүүлэг гэцэн лүү