Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэдэг нь Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар Цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Батлан хамгаалах тухай, Хилийн тухай, Дотоодын цэргийн тухай, Цагдаагийн тухай, Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулиуд болон цэргийн дүрмүүдээр тогтоосон журмыг зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйнүүдийн цогц бүрдлийг хэлнэ.
Цэргийн албан хаагч гэдэгт зэвсэгт хүчин, бусад цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн хамаарна.
Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлд дурдаагүй этгээд цэргийн гэмт хэрэгт хамтран оролцсон бол энэ хуулийн 35 дугаар зүйлийг журамлан, холбогдох зүйл, хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
Дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед цэргийн алба хаах талаар тогтоосон журам зөрчсөн гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг тухайн үед баталсан Монгол Улсын хуулиар тогтооно.
Цэргийн албаны эсрэг гэмт хэргийг тэдгээр гэмт хэргийн шинж чанараас хамааруулан:
1. Цэргийн алба хаах болон цэргийн албан хаагчид дүрмийн дагуу харилцах журам зөрчих гэмт хэргүүд
· Захирагчийн тушаал биелүүлэхгүй байх /ЭХ-ийн 275-р зүйл /
· Захирагчийг заналхийлэх, эсэргүүцэх хүч хэрэглэх /ЭХ-ийн 276-р зүйл /
· Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх /ЭХ-ийн 277-р зүйл /
· Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих /ЭХ-ийн 278-р зүйл /
2. Цэргийн албанаас зайлсхийх гэмт хэргүүд
· Цэргийн албанаас оргон зайлах /ЭХ-ийн 279-р зүйл /
· Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх /ЭХ-ийн 280-р зүйл /
3. Цэргийн эд хөрөнгийн эсрэг гэмт хэргүүд
· Цэргийн эд хөрөнгийг болон байлдааны галт хэрэгслийг зарах, үрэгдүүлэх, завших. /ЭХ-ийн 281-р зүйл /
· Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх /ЭХ-ийн 282-р зүйл/
4. Цэргийн алба хаах тусгай журам зөрчих гэмт хэргүүд
· Байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих. /ЭХ-ийн 283-р зүйл /
· Байлдааны машин жолоодох болон ашиглалтын журам зөрчих /ЭХ-ийн 284-р зүйл /
· Байлдааны болон сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих /ЭХ-ийн 285-р зүйл /
· Байлдааны жижүүр хийх журам зөрчих /ЭХ-ийн 286-р зүйл /
· Дотоод албаны журам зөрчих /ЭХ-ийн 287-р зүйл /
· Харуулын албаны журам зөрчих /ЭХ-ийн 288-р зүйл /
· Хилийн албаны журам зөрчих /ЭХ-ийн 289-р зүйл /
5. Байлдааны ажиллагаатай холбоо бүхий гэмт хэргүүд
· ЭХ-ийн 290, 291, 292, 293-р зүйлүүдэд заасан гэмт хэргүүд
6. Цэргийн албан тушаалын гэмт хэргүүд
· Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх /ЭХ-ийн 294-р зүйл /
· Албандаа хайнга хандах /ЭХ-ийн 295-р зүйл /
· гэж ангилна.
Нийтлэг бүрэлдэхүүн:
Объект: Хууль, дүрэм, журмаар тогтоосон цэргийн алба хаах журам, зэвсэгт хүчин, бусад цэргийн байгууллагын хэвийн ажиллагаа батлан хамгаалах хүчин чадал.
ЭХ-ийн 276, 277, 278, 283 -р зүйлүүдэд заасан гэмт хэргийг цэргийн объект нь албан хаагчийн амь бие, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд нэмэгдэл объект болно.
Халдлагын зүйл: Эрүүгийн хуулийн 281, 282, 283 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд дээр халдлагын зүйл заавал байх шинж юм.
Объектив тал: Цэргийн албаны эсрэг гэмт хэргүүд гол төлөв идэвхтэй үйлдлээр илэрнэ. /ЭХ-ийн 275, 276, 277, 281, 282, 292, 294 дүгээр зүйлүүд/. Харин ЭХ-ийн 275, 279-280, 290, 291, 295 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд эс үйлдэхүйгээр илэрнэ.
ЭХ-ийн 275-278, 281-285, 287, 288, 289, 294, 295-р зүйлд заасан гэмт хэргүүд зөвхөн хуульд заасан хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй байна.
ЭХ-ийн 279, 286, 290, 291, 292, 293, 296-р зүйлд заасан гэмт хэргүүд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.
Субъектив тал: Энэ бүлэгт заасан ихэнх гэмт хэрэг зөвхөн санаатайн гэм буруугаар үйлдэгддэг /ЭХ-ийн 275-283-р зүйл, 290-291, 292-294, 296-р зүйл/.
ЭХ-ийн 283-289-р зүйлүүдэд заасан гэмт хэргүүд санаатай ба болгоомжгүй гэм буруугийн давхардсан хэлбэрээр илэрнэ.
ЭХ-ийн 279, 280-р зүйлд заасан гэмт хэргүүд цэргийн албанаас зайлсхийх зорилготой. ЭХ-ийн 291-292-т заасан хэргүүд айж шантарсан сэдэлттэй.
Субъект: Цэргийн гэмт хэргийн субъект нь хугацаат цэргийн албаны албан хаагч, цэргийн үүрэгтэн, зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, гал түймэртэй тэмцэх болон ШШББ-ын офицер, ахлагч, байлдагч нар болно.
2. Цэргийн алба хаах болон цэргийн албан хаагчид дүрмийн дагуу харилцах журам зөрчих гэмт хэргүүд
Захирагчийн тушаал биелүүлэхгүй байх /ЭХ-ийн 275-р зүйл/
Объект: Хууль, цэргийн тусгай дүрмээр тогтоосон захирах, захирагдах журам
Объектив тал:
· Цэргийн дүрмийн дагуу өгсөн захиргачийн тушаалыг захирагдагч биелүүлээгүй эс үйлдэхүй байна,
· Энэ эс үйлдэхүйн улмаас цэргийн албаны ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой.
Захирагч гэж цэргийн цол болон албан тушаалын хувьд захирагдагчдаа заавал биелүүлэх хуульд нийцсэн тушаал өгөх эрхтэй цэргийн бүх шатны дарга юм.
Захирагдагч гэж цэргийн зохион байгуулалтын аль нэг нэгжид /тасаг, салаа, дивизион, хороо/ хамаарч байгаа цэргийн цолтой албан хаагч юм. Тэд даргын тушаалыг заавал биелүүлэх үүргийг дүрмээр хүлээсэн байдаг.
Захирагчийн тушаал хууль, дүрмийн дагуу өгөгдсөн гэдгийг мэдсээр байж биелүүлэхгүй байх, биелүүлэхгүй гэж мэдэгдэх зэргээр захирагчийн тушаалыг биелүүлэхгүй эс үйлдэхүй байна.
Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй, тушаал биелүүлэхгүй байх сэдэлттэй байна.
Субъект: Цэргийн албан хаагч .
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 275.2/
Энэ хэргийг:
· урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн,
· их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлнэ.
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 275.2/
Энэ хэргийг
- дайны байдалд шилжсэн,
- дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
· Тушаал биелүүлэх ажиллагаанд анхааралгүй, анзааргагүй, мартамхай, үл ойшоосон, хэнэггүй байдал гаргах зэргээр хандана. Тайван цагт болгоомжгүйн улмаас тушаал биелүүлээгүйн төлөө сахилгын арга хэмжээ хэрэглэж болно.
· Захирагчийн тушаал хууль ёсны, үндэстэй, цэргийн албаны ашиг сонирхлын дагуу зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр өгөгдсөн, биелэгдэх бололцоотой байх ёстой. Хууль дүрмийн шаардлага, заалт зөрчсөн, албаны ашиг сонирхолд харш тушаал өгсөн дарга түүнийхээ бурууг өөрөө хариуцна. Харин өгөгдсөн тушаал нь илэрхий хууль бус гэдгийг мэдсээр байж санаатай биелүүлсэн бол захирагчийн нэгэн адил хариуцлага хүлээлгэж болно.
Захирагчийг заналхийлэх, эсэргүүцэх, хүч хэрэглэх /ЭХ-ийн 276-р зүйл/
Объект: Цэргийн албаны захирах, захирагдах журам, захирагчийн хууль ёсны үйл ажиллагаа
Объектив тал: Цэргийн албаны үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулсантай нь холбогдуулан захирагчаа
· зодсон,
· хүч хэрэглэн эсэргүүцсэн,
· хүч хэрэглэн эсэргүүцсэн,
· хүч хэрэглэхээр заналхийлсэн,
· бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,
· албан үүргийг зөрчүүлэхээр албадсан үйлдэл байна.
Захирагчаа зодох нь хууль, дүрэмд нийцсэн үйл ажилалгаанд дургүйцсэний улмаас цохисон нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй байдлаар илэрнэ.
Хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж захирагчийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах зорилгоор барьж саатуулах, боож унагах, хүлэх эрэг үйлдэл байна. Хүч хэрэглэж албан үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг алдагдуулдаг.
Хүч хэрэглэхээр заналхийлэх нь захирагчаа ална, зодно, гэмтэл учруулна гэж сэтгэл зүйн дарамт үзүүлж сүрдүүлэхийг хэлнэ.
Албан үүргийг нь зөрчүүлэхээр албадах гэдэг нь албаны үүргээ гүйцэтгэж байгаа захирагчийг албаны үйл ажиллагааг нь зөрчүүлэхээр тулган шаардсан үйлдэл юм. Өөрөөр хэлбэл гэмт этгээд захирагчаараа албаны ашиг сонирхлоор гадуур, өөрийнхөө хүсэл зорилгод нийцсэн хууль бус үйлдэл хийлгэх буюу албаны үүргийг нь зөрчүүлэхээр тулган шахаж байгаа үйлдэл байна. Энэ нь хохирогчид биеийн болон санаа сэтгэлийн хүч хэрэглэсэн буюу заналхилснээр илэрнэ.
Субъектив тал: Шууд санаатай
Субъект: Цэргийн албан хаагч /захирагдагч/
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 276.2/
Энэ хэргийг:
· зэвсэг хэрэглэн үйлдсэн,
· бүлэглэж үйлдсэн,
· захирагчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 276.3/
Энэ хэргийн улмаас:
- захирагчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан,
- их буюу онц их хэмжээний хохирол учирсан,
- дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
· Хувийн өш хонзонгоор захирагчаа заналхийлсэн хүч хэрэглэсэн, гэмтэл учруулсан бол энэ гэмт хэрэг болохгүй.
Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх /ЭХ-ийн 277-р зүйл/
Объект: Захирагч нь захирагдагчтай харьцах журам, захирагдагчийн амь бие, эрүүл мэнд, халдашгүй байдал
Объектив тал: Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа
· зодсон,
· хүч хэрэглэсэн,
· бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл байна.
Захирагч захирагдагсадтайгаа харьцах харьцааны журмыг цэргийн дүрмүүдээр тогтоох бөгөөд энд дүрмийн бус ямар ч харьцаа байж болохгүй. Тухайлбал, хуучин цэрэг шинэ цэргээ дарамтлах гэх мэт .
Цэргийн дүрмийн бус байдлаар харьцах гэдэг нь захирагч нь захирагдагсаддаа хууль бус шаардлага тавих, айлгах, дарамтлах зэргээр дээрэнгүй зүй бус авирлахыг хэлнэ.
Зодсон гэж нэг буюу удаа дараа бие махбодид нь хүч хэрэглэж нөлөөлж цохих, алгадаг, шанаадах, өшиглөх зэргээр өвдөлт, шаналгаа үүсгэсэн байхыг хэлнэ.
Субъектив тал: Шууд ба шууд бус санаатай хувийн сэдэлттэй байна.
Субъект: Захирагч байна
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 277.2/
Энэ хэргийн улмаас
· захирагдагчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан,
· хэд хэдэн захирагдагчийг зодсон,
· хэрцгий догшин авирлаж үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 277.3/
Энэ хэргийг:
- зэвсэг хэрэглэж үйлдсэн,
- захирагдагчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан,
- их хэмжээний хохирол учирсан бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж амьд биесийг алж устгах зориулалттай галт зэвсэг бусад хүйтэн зэвсэг хэрэглэж дүрмийн бус байдлаар харьцсан, зодсон гэмтэл учруулсан байхыг ойлгоно.
Зүйлчлэлийн асуудал:
Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих /ЭХ-ийн 278-р зүйл/
Объект: Бие биедээ захирагдахгүй, өөрөөр хэлбэл адил цол, албан тушаалтай цэргийн албан хаагчдын харилцах журам
Объектив тал: Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцан зодолдох буюу бусад байдлаар хүч хэрэглэн хэн нэгэндээ хөнгөн гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл байна.
Харилцахдаа дүрмийн заалт зөрчих нь нэг нь нөгөөдөө дээрэлхэх, оны ялгаа гарган зодох, хүч хэрэглэх, нэр төрийг нь гутаан доромжлох зэрэг үйлдэл юм.
Субъектив тал: Шууд санаатай хувийн харилцааны сэдэлттэй байна.
Субъект: 18 наснаас дээш бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагч байна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 278.2/
· хоёр буюу түүнээс дээш цэргийн албан хаагчийн эсрэг үйлдсэн,
· уг хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 278.3/
- бүлэглэж үйлдсэн,
- зэвсэг хэрэглэж үйлдсэн,
- хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
· Цэргийн албаны үүрэг биелүүлэхтэй холбоогүй, хуучин цэрэг өөрийн давуу байдлыг бусаддаа нотлох, цэргийн хамт олны дотоод журмыг үл хүндэтгэн, цэргийн хамт олны амгалан тайван байдлыг алдагдуулсан бол ЭХ-ийн 181-р зүйлээр зүйлчилнэ.
· Цэргийн алба хаах болон цэргийн ангид мөрдөгдөх дотоод журмыг зөрчихтэй холбоогүй, нэг цэргийн албан хаагч зөвхөн хувийн өш хонзонгоор нөгөөдөө хүч хэрэглэсэн бол энэ зүйлээр зүйлчлэхгүй.
· Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид оны ялгаа гаргаж хуучин цэрэг шинэ цэргээр ажил хийлгэх, айлган сүрдүүлэх, зодох, бэлгийн ёс бус харьцаанд орохыг шаардах, хувцас хэрэглэлийг нь булаан авах зэрэг үйлдэл хийсэн бол энэ гэмт хэрэг болно.
2. Цэргийн албанаас зайлсхийх гэмт хэргүүд
Цэргийн албанаас оргон зайлах /ЭХ-ийн 279-р зүйл/
Объект: Хугацаат цэргийн албыг тасралтгүй хаах журам
Объектив тал: Цэргийн хугацаат болон гэрээт албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор
· цэргийн анги салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан,
· албан томилолт амралтын чөлөө дууссан буюу эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй эс үйлдэхүй байна.
Анги буюу алба хааж байгаа газар гэсэн ойлголтод цэргийн анги байгууллагын байрлаж байгаа тогтоосон нутаг дэвсгэр, сургалтын төв, хээрийн сургууль явагдаж байгаа дүүрэг, түүнчлэн захирагч /дарга/-ийн тушаал шийдвэрийн дагуу /мал маллах, барилга барих бусад аж ахуйн ажил, үүрэг гүйцэтгэх г.м/ цэргийн албаныхаа үүргийг гүйцэтгэж байсан тэр зэрэг газрыг ойлгоно.
Субъектив тал: Шууд санаатай цэргийн албанаас зайлсхийх зорилготой байна.
Субъект: Цэргийн албан хаагч байна.
ЭХ-ийн 279-р зүйлийн 2 дахь хэсэг:
Объект: Офицер ахлагч цэргийн алба хаах журам
Объектив тал: Офицер, ахлагч цэргийн албанаас оргон зайлсан үйлдэл, эс үйлдэхүй байна.
Оргон зайлах гэдэг нь цэргийн албан хаагчид алба хаах явдлаас бэрхшээж анги буюу алба хааж байсан газраа цэргийн албанаас бүрмөсөн зайлсхийх зорилгоор орхиж явах, мөн зорилгоор буцаж ирэхгүй байхыг хэлэх бөгөөд уг этгээд оргон зайлахдаа хуурамч баримт, бичиг ашиглан үнэн байдлаа нуух, ажилд орох, овог нэрээ өөрчлөх зэрэг арга хэрэглэсэн байж болно.
Оргон зайлах гэмт хэрэг нь анги, алба хааж байгаа газраа бүрмөсөн орхин явснаар буюу анги, алба хааж байгаа газраа буцаж ирэх хугацаандаа ирээгүйгээр үйлдэл төгссөн гэж үзнэ.
Субъектив тал: Шууд санаатай
Субъект:Офицер ахлагч байна.
Офицер гэж Монгол улсын зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, гал түймэртэй тэмцэх болон ШШББ-ын албан тушаалд офицер цолтойгоор алба хааж байгаа иргэнийг хэлнэ.
Ахлагч гэж дээрх байгууллагад ахлагчийн албан тушаалд ажиллаж байгаа иргэнийг хэлнэ.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 279.3/
Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх /ЭХ-ийн 280-р зүйл/
Объект: Цэргийн алба хаах талаар тогтоосон журам
Объектив тал: Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч
- өөрийн биед гэмтэл учруулах,
- худал өвчлөх,
- хуурамч бичиг баримт ашиглах зэргээр хууран мэхэлж цэргийн албанаас зайлсхийсэн эс үйлдэхүй байна.
Биедээ гэмтэл учруулах замаар буюу өөр арга хэрэглэж цэргийн албанаас зайлсхийх гэмт хэргийн субъект нь зөвхөн жинхэнэ хугацаат албанд татагдсан болон гэрээт цэргийн албан хаагч байх бөгөөд уг этгээд цэргийн албанаас бэрхшээж зайлсхийхийн тулд нэрлэж заасан үйлдлийг санаатай хийснээр /цэргийн албанаас чөлөөлөгдсөн эсэхийг харгалзахгүйгээр / гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
Бие эрхтэндээ гэмтэл учруулах нь хөл, гар зэрэг эрхтнээ буудах, цавчих, зүү залгих, хор уух зэрэг хэлбэрээр, худал өвчлөх нь хэлгүй, дүлий болох, өвчтэй болж баашлах зэрэг хэлбэрээр, хуурамч бичиг баримт үйлдэж мэхлэх нь эцэг, эх, ах дүүгийн хүн нас барсан гэж хуурамч бичиг, цахилгаан ирүүлэх, төрсний гэрчилгээ, бусад үнэмлэх бичгийг засварлах зэрэг хэлбэрээр илэрч болно.
Субъектив тал: Шууд санаатай, цэргийн хугацаат албанаас зайлсхийх гэсэн зорилготой байна.
Субъект: Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 280.2/
Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
· Энэ гэмт хэрэгт бусад хүмүүс хамтран оролцож болох бөгөөд цэргийн албан хаагчийн хүсэлтээр бие эрхтэнд нь гэмтэл учруулсан, хуурамч бичиг баримт үйлдэж ашиглуулсан хүмүүст Эрүүгийн хуулийн холбогдох зүйлээр хариуцлага хүлээлгэнэ.
· Цэргийн албанаас зайлсхийх зорилгоо гүйцэлдүүлэхэд ашиглахын тулд баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, агуулгыг өөрчилж засвар оруулсан бол ЭХ-ийн 280-ыг 233-р зүйлтэй давхар зүйлчилнэ.
4. Цэргийн эд хөрөнгийн эсрэг гэмт хэргүүд
Цэргийн эд хөрөнгийг болон байлдааны галт хэрэгслийг зарах, үрэгдүүлэх, завших /ЭХ-ийн 281-р зүйл/
ЭХ-ийн 281-р зүйл 1 дэх хэсэг:
Объект: Цэргийн эд хөрөнгийг зориулалтаар ашиглах талаар хуулиар тогтоосон журам
Халдлагын зүйл: Цэргийн эд хөрөнгө
Цэргийн эд хөрөнгө гэж цэргийн анги, байгууллагын эзэмшилд байгаа санхүүгийн тайлбан, бүртгэлд нь туссан бүх төрлийн галт зэвсэг, галт хэрэгсэл, цэргийн техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, барилга байгууламж, шатах тослох материал, мал, хүнсний бүтээгдэхүүн болон бусад эд хөрөнгө юм. /Төрийн мэдээлэл, 2002 он ¹ 25/.
“Агсамж” гэж цэргийн албан хаагчийн нэгбүрийн иж бүрэн хувцас, хэрэгсэл, зэвсэглэлийг хэлнэ. /Төрийн мэдээлэл, 2002 он ¹ 21/
Объектив тал: Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон цэргийн хувцас хэрэгсэл, эд зүйлийг
· бусдад худалдах, арилжих,
· бэлэглэх,
· барьцаанд өгөх зэргээр завшсан
· тэдгээрийг арчилж хамгаалах, хэрэглэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас их хэмжээний хохирол учирсан байна.
Завших гэдэг нь цэргийн эд хөрөнгийг өөртөө шунахай зорилгодоо ашиглаж үр шимийг хүртсэн байхыг хэлнэ.
Цэргийн эд хөрөнгийг арчилж хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж тухайн эд хөрөнгийг зохих хадгалалт, хамгаалалтад аваагүй, зөнд орхисон эс үйлдэхүй байна.
Субъектив тал: Шууд санаатай шунахай сэдэлттэй
Субъект: Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч
ЭХ-ийн 281-р зүйл 2 дахь хэсэг:
Объект: Офицер ахлагч цэргийн алба хаах журам
Объекетив тал: Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч өөрт нь хариуцуулсан байлдааны зэвсэг галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг
· завшсан,
- үрэгдүүлсэн,
- гээгдүүлсэн,
- цэргийн техник тоног төхөөрөмж, тээврийн болон бусад зөөвөрлөх хэрэгсэл, цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээс их хэмжээтэй устсан, гэмтсэн байна.
Субъектив тал: Шууд санаатай шунахай сэдэлттэй
Субъект: Хугацаат ба гэрээт албан хаагч
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 281.3/
Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх /ЭХ-ийн 282-р зүйл/
Объект: Цэргийн эд хөрөнгө болох байлдааны зэвсэг галт хэрэгсэл тээврийн болон зөөвөрлөх хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж болон бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, цэргийн байгууллагын өмчлөх эрх
Халдлагын зүйл: Цэргийн эд хөрөнгө болох байлдааны зэвсэг галт хэрэгсэл тээврийн болон зөөвөрлөх хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж болон бусад эд хөрөнгө
Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл гэдгийг ЭХ-ийн 185 дугаар зүйлийн тайлбарт зааснаар ойлгоно.
Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж гэж зэвсэглэлд байгаа бүх төрлийн цэргийн машин, өөрөө явагч танк, байлдааны машин, холбоо, дохиолол, инженерийн зориулалттай болон шөнийн харааны хэрэгсэл, цэргийн гал зуух, эмнэлгийн хэрэгслийг хэлнэ.
Объектив тал: Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тээврийн болон зөөвөрлөх хэрэгсэл техник, тоног төхөөрөмж болон бусад эд хөрөнгийг
· санаатай устгасан,
· гэмтээсэн нь хорлон сүйтгэх гэмт хэргийн шинжгүй байна.
Устгасан гэж энэ гэмт хэргийн халдлагын зүйл болох байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, байлдааны техник хэрэгслийг зориулалтаар ашиглах боломжгүй болгосныг.
Гэмтээсэн гэж сэргээн засварлаад ашиглах боломжтой тийм байдлаар эд ангийг нь ажиллагаагүй болгосныг тус тус ойлгоно.
Субъектив тал: Шууд санаатай хэн нэгэнд өс хонзон санах, цэргийн техник хэрэгслийг ажиллагаагүй болгох сэдэлттэй
Субъект: Цэргийн хугацаат болон гэрээт албан хаагч, бусад цэргийн албан хаагч
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 282.2/
Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 282.3/
Энэ хэргийг дайны байдалд шилжсэн, дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
- Монгол улсын батлан хамгаалах болон эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгогүйгээр цэргийн албаны үүрэг гүйцэтгэхээс халшрах, өс хонзонгийн сэдэлтээр устгах, гэмтээх үйлдэл нь энэ гэмт хэрэг болно.
5. Цэргийн алба хаах тусгай журам зөрчих гэмт хэргүүд
Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих /ЭХ-ийн 283-р зүйл/
Объект: Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам
Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журмыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгайлан тогтоож мөрддөг. Ийм журамд байлдааны зэвсэг, галт хэрэгслийг зориулалтаар хэрэглэх, хадгалах, тээвэрлэх, илгээхэд баримтлах журам, түүнчлэн тэсрэх мина байрлуулах, аюулгүй болгох, тэсэлгээний ажил, цахилгаан эрчим хүчийг ашиглахтай холбоотой журмууд хамаарна.
Объектив тал:
- Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйл, цацраг идэвхт бодистой харьцах журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна,
- Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл гэдэгт тэсэрч дэлбэрэх бүх бодис, түүнчлэн цацраг идэвхт бодис, амьд биесийг алж устгах, орчинд аюул учруулах төрөл бүрийн үйлчилгээтэй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт бодистой эн зэрэгцэхүйц үйлчилгээтэй, хордуулах бодисын сав боодол, өндөр хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам зэрэг янз бүрийн эд зүйл, хэрэгслийг хамааруулна.
Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй
Субъект: Дээр дурдсан зүйлтэй харьцах үүрэг бүхий цэргийн албан хаагч
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 283.2/
Энэ хэргийн улмаас:
· хоёр буюу түүнээс дээш хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан,
· хүний амь хохирсон бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
Байлдааны машин жолоодох болон ашиглалтын журам зөрчих /ЭХ-ийн 284-р зүйл/
Объект: Байлдааны машин жолоодох журам болон ашиглалтын журам, хөдөлгөөний аюулгүй байдал
Объектив тал:
· Байлдааны тусгай зориулалтын болон цэргийн тээврийн машин жолоодох, ашиглах журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.
· Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл, үлэмж хэмжээний хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Байлдааны тусгай зориулалтын болон цэргийн тээврийн машин гэж зэвсэгт хүчний зэвсэглэлд байгаа хуурай замын өөрөө явагч танк, артиллерийн болон пуужингийн суурь ачигч, явган цэргийн байлдааны машин, хуягт тээвэрлэгч, бүх төрлийн тусгай тоноглогдсон машин, мотоциклуудыг хэлнэ.
Машин жолоодох журам зөрчих гэж эдгээр машинуудыг жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдалд хамаарах хурд хэтрүүлэх, буруу гүйцэж түрүүлэх, алсын гэрэл асааж явах ёстой байхад ойрын гэрэл асаах гэх мэт дүрэм зөрчсөн үйлдлүүдийг хэлнэ.
Ашиглах журам зөрчих гэж байлдааны машинуудыг зориулалтаар нь ашиглаагүй, техникийн үйлчилгээ хийгдээгүй иж бүрдэл дутуу машин хөдөлгөөнд оруулсан, машин жолоодох эрхгүй этгээдээр жолоодуулсан, жолоочийн хууль бус дүрэм зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоогоогүй эс үйлдэхүй байна.
Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй
Субъект: Эдгээр машиныг жолоодож явсан цэргийн албан хаагч
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 284.2/
Энэ хэргийг
· согтуугаар үйлдсэн,
· энэ хэргийн улмаас хүний амь хохирсон,
· хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан,
· их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 284.3/
Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс олон хүний амь хохирсон бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
Байлдааны болон сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих /ЭХ-ийн 285-р зүйл/
Объект: Байлдааны болон сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх талаар тогтоосон журам
Объектив тал:
- Байлдааны болон сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх талаар тогтоосон журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.
- Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас их хэмжээний хохирол учрах бодит нөхцөл бүрдсэнээр гэмт хэрэг төгсөнө.
Байлдааны нисэх аппарат гэж бүх төрлийн цэргийн онгоц, нисдэг тэрэг болон бусад нисэх хэрэгслүүд юм
Нислэг хийх журам зөрчих нь жолоодох явцад гаргасан бүх төрлийн алдаатай холбоотой зүг чиг алдах, өндөр барихгүй явах, агаарт бусад байлдааны онгоцтой мөргөлдөхгүй байх нөхцлийг хангаагүй, агаарт маневр хийх, шүхрээр буух, автомат буулт хийх журмуудыг зөрчсөн явдал юм.
Нислэгт бэлтгэх журам зөрчих гэж байдааны онгоцны жолооч, экипажаас тавьсан зорилгоо биелүүлэх, бүх нөхцөлд аюулгүй нислэг үйлдэх, тийм шаардлагатай нөхцлийг бүрдүүлээгүй, тухайлбал байлдааны онгоц, нисдэг тэрэгт техникийн үйлчилгээ хийгээгүй, хангалтгүй засварласан, нислэгийн маршрут, өндөрийг буруу сонгосон, цаг агаарыг буруу үнэлсэн байдлаар илэрнэ.
Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй
Субъект: Байлдааны онгоцны нисгэгч, нислэгт бэлтгэх үүрэгтэй ажилтан байна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 285.2/
Энэ хэргийн улмаас
· онгоц сүйрсэн,
· хүний амь хохирсон,
· бусад хүнд хор уршиг учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
Байлдааны жижүүр хийх журам зөрчих /ЭХ-ийн 286-р зүйл/
Объект: Гадаад улсын цэргийн халдлагыг цаг тухайд нь илрүүлэх үүрэг бүхий байлдааны жижүүр хийх журам
Байлдааны жижүүр хийх журам гэдэгт Гадаадын цэргийн халдлагыг цаг тухайд нь илрүүлэх зорилгоор зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар батлагдсан жижүүр хийхэд тавигдах шаардлага, журмыг тогтоосон заавал биелэгдэх шинжтэй албан ёсны бичиг баримт юм.
Объектив тал: Гадаад улсын цэргийн халдлагыг цаг тухайд нь илрүүлэх үүрэг бүхий байлдааны жижүүр хийх журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.
Журам зөрчих нь байлдааны жижүүр хийхэд тавигдах дүрмээр тогтоосон шаардлагыг биелүүлээгй тухайлбал, жижүүрийн постыг дур мэдэн орхиж, архидан согтуурах, жижүүрийн байр, пост руу гадны хүмүүс оруулах, байлдааны жижүүрийн үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан цэргийн тусгай техник, хэрэгслийг ашиглах журам зөрчих, эвдэх, гэмтээх, сонор сэрэмж алдах, тушаал биелүүлэхгүй байх, дайсны байг устгахгүй байх зэрэг болно.
Субъектив тал: Журам зөрчсөн үйлдэлдээ санаатай ба болгоомжгүй хандана.
Субъект: Цэргийн анги, салбарын захирагчийн тушаалаар байлдааны жижүүрээр томилогдсон цэргийн албан хаагч байна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 286.2/
Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 286.3/
Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
Дотоод албаны журам зөрчих /ЭХ-ийн 287-р зүйл/
Объект: Цэргийн анги нэгтгэлийн хоногийн манааны /харуулаас гадна/ үүрэг гүйцэтгэх дотоод албаны журам
Объектив тал:
- Цэргийн анги, нэгтгэлийн хоногийн манааны /харуулаас гадна/ үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч дотоод албаны журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.
- Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас их хэмжээний хохирол учирсан нь шалтгаант холбоотой.
Хоногийн манааны үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч дотоод албаны журам зөрчих нь цэргийн анги, нэгтгэлийн дотоод аюулгүй байдалд халдаж байлдааны бэлэн байдлыг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг, цагийн хуваарь, сахилга алдагдах, өмч хөрөнгө хулгайлагдах, алдагдах хор уршигт хүргэдэг.
Дотоод албаны журам зөрчих нь манааны үүргээ биелүүлэхгүй, зохих ёсоор биелүүлэхгүй байх хоногийн манааны байраа дур мэдэн орхих, архидах, унтах, сонор сэрэмж алдах, цэргийн албан хаагчдын дунд гарсан дүрмийн бус харьцаа, хууль бус үйл ажиллагааг цаг тухайд нь таслан зогсоох арга хэмжээ авахгүй байх зэрэг эс үйлдэхүйгээр илэрнэ.
Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй
Субъект: Цэргийн анги, нэгтгэлийн хоногийн манааны үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч байна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 287.2/
Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
· Хоногийн харуул манааны үүрэг гүйцэтгэхдээ байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зохих ёсоор харж хамгаалаагүйгээс хор уршиг учирсан бол ЭХ-ийн 187 дугаар зүйлтэй давхар зүйлчилнэ.
Харуулын албаны журам зөрчих /ЭХ-ийн 288-р зүйл/
Объект: Харуулын албаны журам, бусдын өмчлөх эрх
Объектив тал:
- Харуулын албаны журам, түүний дагуу гарсан захирагчийн тушаал, захирамжийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.
- Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан,
- Үйлдэл, эс үйлдэхүй хор уршиг шалтгаант холбоотой байна.
Субъектив тал: Үйлдэлдээ санаатай, хор уршигт болгоомжгүй хандах
Субъект: Харуулын албанд томилогдсон цэргийн албан хаагч
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 288.2/
Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно
Зүйлчлэлийн асуудал:
· Харуулын бүрэлдэхүүнд томилогдож, үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч харуулын албаны журам зөрчсөн нөхцөлд л энэ гэмт хэргийн субъект болно. Тухайлбал байлдааны туг, цэргийн ба улсын объектыг хамгаалах, тэрчлэн сахилгын хорих байранд хоригдогсод, хорих байр, хорих ангиудад ял эдэлж байгаа ялтныг манах, тодорхой газарт хүргэх үүрэг гүйцэтгэж байгаа харуулын дарга, туслагч, манаа халагч, харуулчид байна.
· Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан их буюу онц их хэмжээний хор уршиг гэдэгт харуулын албаны үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчаас уг үүргээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн үйлдэл /эс үйлдэл/-тэй шалтгаант холбоо бүхий харж хамгаалж байгаа тухайн объектод бодитой учирсан ЭХ-ийн 29-р зүйлд заасан хохирлыг хамааруулна. Энэ нь тайван цагт цэргийн анги харуулыг харж хамгаалж буй бие бүрэлдэхүүн, зэвсэг техник, байлдааны бэлэн байдалд хор хохирол учирч сум, тэсэрч дэлбэрэх болон хорт бодис цөөн бусаар алдагдах, эсвэл цөөн алдагдсан нь хор хохирол учруулсан байх, хүнс, хувцас, эд хогшил хэрэглээний зүйлд буюу төрийн өмчид хохирол учрах, төрийн нууц задрах, хоригдогсод, ялтан оргох зэрэг хэлбэрээр тус тус илэрч болно.
· Харуулын албаны бүрэлдэхүүнд томилогдсон албан хаагч өөрийн харж хамгаалах ёстой объектоосоо хулгай хийсэн бол харуулын албаны журам зөрчихөөс гадна ЭХ-ийн 145 дугаар зүйлийн тохирох хэсгээр давхар зүйлчилнэ. Хамгаалж байгаа объектоосоо галт зэвсэг, байлдааны хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хулгайлбал 186 дугаар зүйлээр зүйлчилнэ. Харуулын бүрэлдэхүүнд орсон албан хаагч бодитой халдлага довтолгооны үед зэвсэг хэрэглэх тухай заалт зөрчсөнөөс түүнчлэн санаатай үйлдлээр гадны хүний амь насыг хохироосон ба гэмтээсэн байвал уг хэргийг ЭХ-ийн 288- р зүйл иргэдийн амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилнэ.
Хилийн алба хаах журам зөрчих /ЭХ-ийн 289-р зүйл/
Объект: Хилийн алба хаах журам
Объектив тал:
· Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.
· Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бага бус хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Хилийн алба хаах журам зөрчих нь: Хилийн манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хамгаалах объектоо дур мэдэн орхих, унтах, сонор сэрэмж алдах, хил зөрчигчийг болон контрабандын бараа таваарыг нэвтрүүлэх, хил зөрчигчийн талаар ар талдаа мэдэгдэхгүй байх, зэвсэг буруу хэрэглэх зэргээр илэрнэ.
Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй .
Субъект: Хилийн манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч .
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 289.2/
Хилийн цэргийн офицер, ахлагч гэрээт цэргийн албан хаагч үйлдсэн бол энэ хэсгээр зүйлчилнэ
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 289.3/
Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Их хэмжээний хохирол гэдэгт ЭХ-ийн 29-р зүйлд заасан хор уршиг болон хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон албан хаагчаас уг үүргээ гүйцэтгэж явахдаа алба хаах журмыг зөрчсөн үйлдэл /эс үйлдэл/-тэй шалтгаант холбоотойгоор буй болсон бөгөөд улс орны гадаад аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд бодитой учирсан хохирлыг хамааруулан ойлгоно. Тухайлбал, хил зөрчигч этгээд улсын хил нэвтэрч хохирол учруулах, түүнчлэн хилийн заставуудад халдан хохирол учруулах зэрэг тохиолдол байж болно.
Зүйлчлэлийн асуудал:
- Хилийн цэргийн хороо, застав, бусад байгууллагад алба хаадаг боловч хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд ороогүй цэргийн албан хаагчид энэ гэмт хэргийн субъект болохгүй.
6. Байлдааны ажиллагаатай холбоо бүхий гэмт хэргүүд
Цэргийн анги нэгтгэлийг дайсанд буулгаж өгөх, орхих /ЭХ-ийн 290-р зүйл/
Объект: Байлдааны байдалд цэргийн хүч хэрэгслийг удирдах талаар тогтоосон журам
Объектив тал: Захирагч
· цэргийн анги, нэгтгэлийг санаатайгаар дайсанд буулган өгсөн;
· дайны талбарт буюу байлдааны байдалд анги, нэгтгэлийг удирдлагагүй орхисон;
· байлдааны байдал шаардаагүй байхад бэхлэлт, байлдааны техник, бусад хэрэгслийг дайсны мэдэлд орхиж явсан үйлдлүүдийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсөнө.
Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй .
Субъект: Цэргийн анги нэгтгэлийн захирагч
Зүйлчлэлийн асуудал:
Байлдааны талбарыг дур мэдэн орхих, дайсантай зэвсэг барьж байлдахаас зайлсхийх /ЭХ-ийн 291-р зүйл/
Объект: Улс орноо гадны улсын халдлагаас хамгаалах цэргийн захиргааны журам
Объектив тал: Цэргийн албан хаагч дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед байлдааны талбарыг айсан буюу шантарсны улмаас
· дур мэдэн орхиж явсан,
· даргын тушаалгүйгээр ухарсан,
· дайсантай зэвсэг барьж байлдахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүйн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсөнө.
Субъектив тал: Шууд санаатай, айсан, шантарсан мэдэлттэй.
Субъект: Цэргийн албан хаагч.
Зүйлчлэлийн асуудал:
Сайн дураараа дайсанд бууж өгч олзлогдох /ЭХ-ийн 292-р зүйл/
Объект: Улс орноо батлан хамгаалах ашиг сонирхол
Объектив тал: Цэргийн албан хаагч айсан буюу шантарсны улмаас дайсанд сайн дураараа бууж өгсөн үйлдэл байна
Субъектив тал: Шууд санаатай, айсан, шантарсан сэдэлттэй байна.
Субъект: Цэргийн албан хаагч
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 292.2/
Энэ хэргийг дээд тушаалын буюу ахлах офицер үйлдвэл ялыг хүндрүүлэх онцгой нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
Байлдааны талбарт тонуул хийх /ЭХ-ийн 293-р зүйл/
Объект: Байлдааны ажиллагааны үед цэргийн алба хаах журам, зэвсэгт хүчин бусад цэргийн нэр хүнд.
Эд зүйл гэдэгт байлдааны талбарт алагдсан буюу шархадсан хүмүүсийн хувцас, хувийн эд зүйл багтана. Түүнд зэвсэг, байлдааны нөөц хэрэглэл, цэргийн ач холбогдол бүхий баримт бичиг, байлдаан явуулах техник хэрэгсэл хамаарахгүй
Объектив тал: Байлдааны талбарт алагдсан, шархадсан хүмүүсийн эд зүйлийг тоносон үйлдэл байна. Зарим тохиолдолд хулгайлах гэмт хэргээр зүйлчилж болно.
Субъектив тал: Шууд санаатай шунахай сэдэлттэй
Субъект: Цэргийн албан хаагч байна.
Зүйлчлэлийн асуудал:
· Байлдааны талбарт алагдсан, шархадсан хүмүүсийн эд зүйлийг тонуул хийж авах нь зэвсэгт хүчний нэр хүнд, алдар гавьяанд харшилна. Цэргийн албан хаагч бүр цэргийн нэр хүнд гутаах үйлдлийг цээрлэж, цэргийн албаны ёс суртахууны энэрэнгүй чанарыг эрхэмлэх үүрэгтэй. Энэ гэмт хэрэг нь субъектын зан суртахууны доройтол, ёс журамгүй байдлыг илэрхийлдэг .
- Объектын талаас субъект эд хөрөнгөө хамгаалах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл алагдсан, шархадсан хүмүүсийн эд зүйлийг нууц ба ил аргаар, эсвэл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхгүй өөрийн эзэмшилд авдаг онцлогтой.
Байлдааны талбарт улаан загалмайн тэмдгийг хууль бусаар зүүх, урвуулан ашиглах /ЭХ-ийн 296-р зүйл/
Объект: Байлдааны талбарт улаан загалмайн тэмдгийг ашиглах, зүүх журам
Улаан загалмайн тэмдгийн хэлбэр ба онцлог, таних тэмдэг нь /цагаан дэвсгэр дээр улаанаар зурсан/ аль болох үзэгдэхээр том байх ёстой. Загалмай, хавирган сар, арслан ба нарыг дүрслэхдээ хэлэлцэж тохирогч эрхэм дээд талууд л зөвхөн дүрсэлсэн загварыг хэрэглэж болно.
Таних тэмдгийг аль ч талаасаа аль болох алсаас тод үзэгдэхээр хавтгай зүйл буюу далбаан дээр зурна. Дайны талбарт үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн болон шашны ажилтан эрх бүхий газраас өгсөн зааварт нийцүүлж таних тэмдэгтэй, малгай, хувцас боломжоороо өмсөх ёстой. Улаан загалмайн ялгах тэмдгийг эрх бүхий холбогдох байгууллагын хяналтын дор зүүх буюу эмнэлгийн алба, эмнэлгийн тээврийн хэрэгсэлд байрлуулж болно. Бүх нөхцөлд уг тэмдгийг хүндэтгэж түүнийг зориулалтын бус зорилгод ашиглах ёсгүй.
Объектив тал: Зохих эрхгүй этгээд байлдааны талбарт улаан загалмайн байгууллагын далбаа, тэмдэг, нүүлгэн зайлуулах эмнэлгийн тээврийн хэрэгслийн будгийн өнгийг ашигласан үйлдэл, эс үйлдэхүй байна.
Субъектив тал: Санаатай
Субъект: Улаан загалмайн байгууллагын далбаа, тэмдэг зэргийг зүүх эрхгүй этгээд
Зүйлчлэлийн асуудал:
7. Цэргийн албан тушаалын гэмт хэргүүд
ЭХ-ийн 294-р зүйл/
Объект: Цэргийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны нэр хүнд, бусдын эрх ашиг, сонирхол
Объектив тал: Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг
· урвуулсан,
· хэтрүүлсэн,
· албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байна.
· үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан байна.
Захирагч эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулах гэдэг нь хууль дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа цэргийн албаны ашиг сонирхолд хортойгоор ашиглаж бусдад хуульд заасан үлэмж хэмжээний хохирол учруулахыг хэлнэ.
Захирагч эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг нь хуулиар олгогдоогүй, эсвэл дээд шатны даргынхаа эрхийг дур мэдэн эдэлсэн, хамтын шийдвэр гаргах асуудлыг ганцаараа дур мэдэн шийдвэрлэсэн байхыг хэлнэ.
Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй .
Субъект: Цэргийн захирагч албан тушаалтан
Цэргийн албан тушаалтанд цэргийн анги, нэгтгэлийг удирдах албан тушаалтан /салаа, салбар, анги, дивизион, хороо, дивиз/ тийм үүргийг тушаалаар гүйцэтгэж байгаа харуулын захирал, эргүүлийн ахлагч зэрэг цэргийн албан хаагч хамаарна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 294.2/
Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 294.3/
Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
Албандаа хайнга хандах /ЭХ-ийн 295-р зүйл/
Объект: Цэргийн анги, нэгтгэлийн хэвийн үйл ажиллагаа, бусдын эрх ашиг, сонирхол нэмэгдэл объект
Объектив тал:
· Захирагч албандаа хайнга хандсан үйлдэл, эс үйлдэхүй байна.
· Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Хайнга хандах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл заавал үлэмж хэмжээний хор уршиг учирсан нөхцөлд эс үйлдэхүйг 295 дугаар зүйлээр зүйлчилнэ.
Албандаа хайнга хандах нь тухайн этгээдийн зөвхөн албаны эрх мэдлийн хэмжээнд багтах тэр үйлдлийг хийгээгүй буюу зохих ёсоор хийгээгүй байхыг шаарддаг учир тодорхой хэрэг бүрт уг үйлдэл нь тухайн албан тушаалтны эрх мэдлийн хэмжээнд багтаж байсан эсэх, чухам ямар үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйг тогтоох шаардлагатай.
Субъектив тал: Болгоомжгүй .
Захирагч, цэргийн бусад албан тушаалтан нь албаны эрх мэдлийн хувьд биелүүлэх үүрэгтэй байсан төдийгүй, тийм боломж бодитой байсан зөвхөн тэр нөхцөлд албандаа хайнга хандсан гэмт хэрэг болно. Эсрэг тохиолдолд гэм буруу үгүйсгэгдэнэ.
Субъект: Албандаа хайнга хандсан цэргийн албан тушаалтан байна
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 295.2/
Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 295.3/
Энэ хэргийг дайны байдалд шилжсэн буюу дайн бүхий байдал зарласан үед үйлдсэн бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Зүйлчлэлийн асуудал:
Хяналтын асуулт:
· Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ойлголтыг тодорхойлоно уу?
· Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан гэмт хэргүүдийн нийтлэг бүрэлдэхүүний шинжийг тодорхойлоно уу?
· Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн бүлэгт 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар орсон өөрчлөлтийн талаар ярина уу?
· Цэргийн албан хаагч гэдэг ойлголтыг тайлбарлана уу?
· Цэргийн гэмт хэрэгт цэргийн албан хаагч бус этгээд хамтран оролцвол хэрхэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх вэ?
· Дайн байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед гэсэн ойлголтыг тайлбарлана уу?
· Захирагчийг заналхийлэх, эсрэгүүцэх, хүч хэрэглэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж Эрүүгийн хуулийн бусад бүлгүүдэд заасан төсөөтэй гэмт хэргүүдээс ялгагдах онцлгоийнг нэрлэнэ үү?
· Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж Эрүүгийн хуулийн бусад бүлгүүдэд заасан төсөөтэй гэмт хэргүүдээс ялгагдах онцлгоийнг нэрлэнэ үү?
· Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлоно уу?
· Захирагч гэж хэнийг хэлэх вэ?
· Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид гэж хэнийг хэлэх вэ?
· Цэргийн албан тушаалын гэмт хэргийн Эрүүгийн хуулийн 28-р бүлэгт заасан албан тушаалын гэмт хэргээс ялгагдах онцлог юунд орших вэ?