Албан тушаалын гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

2011-03-04,

Албан тушаалын гэмт хэрэг гэдэг нь төрийн улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, албан тушаалтны нэр барих, хээл хахууль авах, өгөх, зуучлах, хуурамч бичиг баримт үйлдэх, үүрэгт ажилдаа хайнга хандах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэргээр иргэн, төр, байгууллага, аж ахуйн нэгжийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд халдаж хуульд заасан хохирол учруулсан, эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйнүүдийн цогц бүрдэл юм. 

 Албан тнушаалын гэмт хэргийн тэдгээр гэмт хэргийн шинж чанараас хамааруулан:

1.     Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд

·         Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, буюу албан тушаалын байдлаа урвуулах /ЭХ-ийн 263-р зүйл /

·         Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /ЭХ-ийн 264-р зүйл /

·         Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах /ЭХ-ийн 265-р зүйл /

·         Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /ЭХ-ийн 266-р зүйл /

2.     Хээл хахуулийн гэмт хэргүүд

·         Хээл хахууль авах /ЭХ-ийн 268-р зүйл /

·         Хээл хахууль өгөх /ЭХ-ийн 269-р зүйл /

·         Хээл хахууль зуучлах /ЭХ-ийн 270-р зүйл /

3.     Хуурамч баримт бичиг үйлдэх болон албан тушаалын бусад гэмт хэргүүд

·         Албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх /ЭХ-ийн 271-р зүйл /

·         Албан тушаалтны нэр барих /ЭХ-ийн 267-р зүйл /

·         Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах /ЭХ-ийн 272-р зүйл /

·         Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /ЭХ-ийн 273-р зүйл / гэж ангилна.

Нийтлэг бүрэлдэхүүн:

 

Объект: Төрийн байгууллага, түүний төв орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрөө удирдах багууллага, тэдгээрийн аппаратын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, албан тушаалтнуудын хуульд нийцсэн зөв ажиллагаа байна.

ЭХ-ийн 263, 264, 265, 266, 267, 272, 273-р зүйлийн хувьд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашиг сонирхол, 264, 266-р зүйлүүдийн хувьд иргэний амь бие, эрүүл мэнд, ЭХ-ийн 267, 268-270, 273-р зүйлүүдийн хувьд өмчлөх эрх тус тус нэмэгдэл объект болно. 

Халдлагын зүйл: ЭХ-ийн 268-270-р зүйлд халдлагын зүйл заавал байх шинж болно.

Халдлагад өртөгч: Албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийн улмаас хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн байна.

Объектив тал: Энэ бүлэгт заасан ихэнх гэмт хэргүүд, тухайлбал, ЭХ-ийн 263-266, 267, 269, 270, 271, 273-р зүйлд заасан гэмт хэргүүд зөвхөн идэвхтэй үйлдлээр хэрэгжинэ. Харин 268, 272-р зүйлд заасан гэмт хэргүүд үйлдэл ба эс үйлдэхүйгээр хэрэгждэг онцлогтой.

ЭХ-ийн 263-266, 267, 268, 272, 273-р зүйлд заасан гэмт хэргүүд зөвхөн хуульд заасан хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй.

ЭХ-ийн 269, 270, 271-р зүйлд заасан гэмт хэргүүд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.

Субъектив тал: ЭХ-ийн 268-270, 271,, 273-р зүйлд заасан гэмт хэргүүд зөвхөн шууд санаатай, ЭХ-ийн 263, 264, 265, 266, 267 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд шууд ба шууд бус санаатай үйлдэгддэг. Харин 271-р зүйлд заасан гэмт хэрэг болгоомжгүйн гэм буруугаар үйлдэгддэг.

ЭХ-ийн 264, 266, 268, 273-р зүйлд заасан   гэмт хэргүүдийн хувьд шунахай буюу хувийн сэдэлттэй байна.

Субъект: Төрийн улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан энэ бүлэгт заасан гэмт хэргүүдийн субъект байна. Цэргийн албан тушаалтан ЭХ-ийн 294, 296-р зүйлд заасан гэмт хэргийн субъект болно.

 

Төрийн албан тушаалтнуудын тухай ойлголт, төрөл,

Төрийн удирдах, захирамжлан зохион байгуулах, захиргаа аж ахуйн үүрэг

 

Төрийн алба гэж төрийн чиг, үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

Төрийн алба хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ.

Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 13-р зүйлд заасан үүргийг биелүүлж, 14-р зүйлд заасан нийтлэг эрхийг эдэлнэ.

Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны Төрийн албаны тухай хуулийн 6.1.1-д нэрлэж заасан албан тушаалтан хамаарна.

Төрийн захиргааны албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-11-д нэрлэж заасан албан тушаалтнууд хамаарна.

Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн байгууллагын заалт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслахаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авч ажиллуулах Төрийн албаны тухай хуулийн 9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-д заасан албан тушаалтан хамаарна.

Удирдах албан тушаалтны хэрэгжүүлэх захирамжлан зохион байгуулах, захиргаа аж ахуйн үүрэг, эрх:

Захирамжлан зохион байгуулах чиг үүрэгт төрийн байгууллага, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн албаны болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хамт олныг удирдан чиглүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, томилох, үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнг нь үндэслэн арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэг хамаарна.

Ийм чиг үүрэгтэй албан тушаалтанд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын болон тэдгээрийн харъяа яам, агентлагуудын дарга, орлогч дарга, хэлтсийн дарга, орлогч дарга, сургуулиудын захирал, эмнэлгийн дарга, тасгийн эрхлэгч нар хамаарна.

Захиргаа аж ахуйн чиг үүрэгт төрийн байгууллага, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгийг зориулалтаар нь захиран зарцуулах, боловсруулах, борлуулах, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг хамаарна.

Ийм чиг үүргийг байгууллагын төсөв захирагч, аж ахуй, санхүүгийн хэлтэс, тасаг, албаны дарга, эрхлэгч, дэлгүүрийн эрхлэгч, хяналт шалгалтын ахлах байцаагч нар хэрэгжүүлнэ.

 

2. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд

 

Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, бусад албан тушаалын байдлаа урвуулах /ЭХ-ийн 263-р зүйл/

 

Объект: Төрийн байгууллага, түүний аппаратын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл объект болно.  

Объектив тал: 

  • Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан идэвхтэй үйлдэл байна.
  • ийм үйлдлийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг, сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан,
  • Үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь албан тушаалтан өөрийн албан ажлын хүрээнд болон эрх мэдэлд нь хамаарч байгаа аливаа үйл ажиллагааг албаны ашиг сонирхолд хортойгоор ашигласан идэвхтэй үйлдэл, эсхүл эс үйлдлээр илэрч гарна. Тухайлбал, албан тушаалтан санхүү-бүртгэл, тооцооны сахилга зөрчих, хянан шалгах байгууллагыг хуурч мэхлэх, байгууллагын эд хөрөнгийг үрэн таран хийх, бусдын эд хөрөнгийн дутагдлыг нуух, байгуулллагын эд хөрөнгөөр хувьдаа ашиг хонжоо олох зэрэг үйлдэл байж болно. 

Субъектив тал: Санаатай, /шууд ба шууд бус/

Субъект: Удирдах албан тушаалтан

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 263.2/

Энэ хэргийг

·         давтан үйлдсэн,

·         уг хэргийн улмаас их хэмжээний хохирол

·         хүнд хор уршиг  учирсан  бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

·         Албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу төлбөргүй бусад хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг Төрийн албаны хуулиар шууд хориглосон. 

·         Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан үйлдэл нь албан тушаалтанд хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь шууд холбоотой байвал ЭХ-ийн 263-р зүйлээр зүйлчилнэ.

·         Төрийн бус байгууллага, хувийн секторын байгууллагад ажилладаг албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж хуульд заасан хохирол учруулбал ЭХ-ийн 265-р зүйлээр хариуцлага хүлээнэ.

  • Албан тушаалтан үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдэл хийх, тушаал, захирамж биелүүлэх замаар нийгмийн ашигтай зорилгын үүднээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан шинжтэй үйлдэл хийж хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хохирол учруулбал энэ зүйлд заасан гэмт хэрэг болохгүй
  • Төрийн албан тушаалтан шунахай болон хувийн сонирхолгүйгээр албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа мэргэжлийн алдаа, бусад объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж бусдад хохирол учруулсан бол гэмт хэрэг болохгүй, сахилгын зөрчлөөр зүйлчилнэ. 
  • Төрийн албан тушаалтан эрхэлж буй албан тушаалынхаа нэр хүндийг ашигласан нь энэ зүйлд заасан гэмт хэрэг болохгүй
  • Төрийн албан тушаалтан өөрийн шууд удирдлага, захиргаанд байдаг хүмүүсээр үнэ хөлсгүйгээр барилга, байшин бариулах, байраа засуулсан, хувийн зорилгоор машин техник хэрэгслийг ашиглах замаар тэдэнд үлэмж хэмжээний хохирол учруулбал ЭХ-ийн 263-д заасан гэмт хэрэг юм.

·         Төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах замаар түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа авсан бол ЭХ-ийн 150-р зүйлээр зүйлчилнэ.

·         Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас том осол гарсан, үйлдвэр, тээврийн байгууллагуудын үйл ажиллагаа удаан хугацаагаар саатсан, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд эд материалын онц их хэмжээний хохирол учирсан бол ЭХ-ийн 263-ыг бусад зүйлтэй давхар зүйлчилнэ.

·         Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хүнийг хууль бусаар хорьсон, алсан, хүнд гэмтээсэн, их хэмжээний хохирол учруулсан бол ЭХ-ийн 263, ЭХ-ийн 91, 97, 109-р зүйлээр давхар зүйлчилнэ.

 

Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /ЭХ-ийн 264-р зүйл/

 

Объект: Төрийн байгууллага, түүний аппаратын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл объект болно.  

Объектив тал: 

  • Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байна,
  • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байга.
  • Эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрх мэдэл буюу албаны бүрэн эрхээ хэтрүүлэх гэдэг нь:

·         Өөрийн буюу бусад албан газрын дээд захирах тушаалын даргын чиг үүрэг, эрх мэдэлд хамаарагдах үйл ажиллагаа явуулах /явуулсан үйл ажиллагаа нь цех, тасгийн даргын үүрэгт биш үйлдвэрийн даргын эрх мэдэлд орох г.м/ 

·         Хамтын шийдвэр гаргах ёстой асуудлыг дур мэдэн бие дааж шийдвэрлэх /Яамны сайдын зөвлөлөөр шийдэх ёстой асуудлыг хэлтсийн дарга ганцаараа шийдвэрлэсэн. Дээд боловсрол олгох сургалт явуулах тусгай зөвшөөрлийг хамтын шийдвэрээр өгнө/,

·         Эрх мэдлээ хууль, дүрэмд заасан тусгай нөхцөл бүрдээгүй байхад хэрэгжүүлсэн /сайдын тушаал гараагүй байхад боловсон хүчний хэлтсийн дарга гадаад улсад ажилтныг томилон явуулсан/, 

·         Хуулиар зөвшөөрөгдөөгүй огт хийх ёсгүй үйл ажиллагаа явуулсан /дарга хөдөлмөрийн сахилга алдсан ажилтнаа тусгай өрөөнд хорьсон зэрэг хэлбэртэй байна /

Эрх мэдэл буюу албаны бүрэн эрхээ хэтрүүлснийг тогтоохдоо тэр ямар хууль, тогтоомжоор олгосон эрхээ хэтрүүлж, түүнчлэн энэ хууль дүрмийн ямар заалт зөрчигдөж, хэрхэн яаж хэтрүүлснийг нэгбүрчлэн тогтоох шаардлагатай. 

Бүх тохиолдолд албан тушаалтан өөрт олгогдсон эрх мэдлээсээ илт хэтэрсэн үйл ажиллагаа явуулсан байна. Энэ гэмт хэргийг идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэж болно.  

Субъектив тал: Шууд ба шууд бус санаатай. Сэдэлт зорилго онцын ач холбогдолгүй

Субъект: Төрийн удирдах албан тушаалтан

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 264.2/

Энэ хэргийг:

·         давтан үйлдсэн,

·         хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн,

·         энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Хүч хэрэглэсэн гэж хохирогчийг зодсон, хүлсэн, хууль бусаар хорьсон, хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, өлсгөсөн, дааруулсан зэрэг үйлдэл юм. 

Хүч хэрэглэхээр заналхийлэх нь ална, гэмтэл учруулна, хорино, зодно гэж сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлэх байдлаар илэрнэ. 

 

Зүйлчлэлийн асуудал:

  • Төрийн албан тушаалтны үйлдлийг ЭХ-ийн 264-р зүйлээр зүйлчлэхийн тулд түүнд хуулиар олгосон ямар эрх мэдэл байсан, тэр эрх мэдлээ хэтрүүлсэн нь ямар үйлдэл, үйлл ажиллагаагаар илэрсэн, хэтрүүлсэн үйлдэл нь түүний албаны үйл ажиллагаатай хэрхэн холбогдсон болохыг нэгбүрчлэн тогтоох шаардлагатай.

·         Албан тушааалтан эрх мэдлээ хэтрүүлж үлэмж хэмжээний хохирол учруулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй албан үүргийн хувьд заавал холбоотой байх учиртай. Ийм холбоо байхгүй байсан нь тогтоогдвол түүнд энэ зүйлээр хариуцлага хүллээлгэх үндэслэл үгүйсгэгдэнэ.

  • Албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл хийхдээ хохирогчийг доромжилсон, дарамталсан, сүрдүүлсэн нь хүч хэрэглэхтэй холбоогүй, хохирол учруулаагүй бол ЭХ-ийн 264-р зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилнэ.
  • Албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэхдээ хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр айлган сүрдүүлэх замаар биемахбодид нь хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан, бусад эрхийг зөрчсөн бол нийлмэл гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэнэ. 
  • Албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж бусдын амь насыг болгоомжгүй хохироосон, хүнд гэмтэл учруулсан, хохирогч амиа хорлоход хүргэсэн бол холбогдох зүйлээр давхар зүйлчилнэ.

·         Албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн галт зэвсэг, бусад хамгаалах хэрэгсэл хэрэглэх хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн бол нийлмэл гэмт хэргээр хариуцлага хүлээлгэнэ.

Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах болон эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргүүдийн ялгаатай талууд /зүйлчлэл/.

·         Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулахдаа Өөрт нь хуулиар олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа албан ажлын ашиг сонирхолд харш, хууль бусаар ашигладаг. Идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйн аль алинаар хэрэгжиж болдог.

  • Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэхдээ өөрт нь хуулиар олгогдсон эрх мэдлээс илт хэтэрсэн үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн идэвхтэй үйлдэл байна.

 

Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах /ЭХ-ийн 265-р зүйл/

 

Объект:Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол 

Объектив тал: Төрийн бус байгуулллага, аж ахуйн нэгжийн албан тушааалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх ашиг,сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Субъектив тал: Шууд ба шууд бус санаатай, зарим тохиолдолд хор уршигтаа болгоомжгүй ханддаг

Субъект: Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 265.2/

Энэ хэргийг:

  • давтан үйлдсэн,
  • их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Зүйлчлэлийн асуудал:

 

 

Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /ЭХ-ийн 266-р зүйл/

 

Объект: Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль ёсны ашиг сонирхол

Объектив тал: Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгосон эрх мэдлээ хэтрүүлсний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

Субъектив тал: Шууд ба шууд бус санаатай, зарим тохиолдолд хор уршигтаа болгоомжгүй хандсан байдаг.

Субъект: Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан байна. 

Хүндрүүлэх бүрэлдэхүү: /ЭХ-ийн 266.2/

Энэ хэргийг:

  • давтан үйлдсэн,
  • их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

 

3. Хээл хахуулийн гэмт хэргүүд

Хээл хахууль авах /ЭХ-ийн 268-р зүйл/

 

Объект: Төрийн байгууллага, түүний аппаратын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, иргэдийн эрх ашиг, сонирхол нэмэгдэл объект болно.  

Халдлагын зүйл: Хээл хахууль

Объектив тал: 

  • Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс аллбан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх,
  • Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө болон бусдаар дамжуулан хээл хахууль авсан үйлдэл байна.

Хахууль өгөгч өөрийн ашиг сонирхол, хүсэлтийг хангуулахын тулд эд хөрөнгө, мөнгө төдийгүй элдэв үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх /байр сууцыг нь засварлах, тээврийн хэрэгслээр үнэгүй зорчуулах, амралтанд амруулах г.м/ хэлбэртэй байж болно. /“Н” гэгч өөрийн хүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх зорилгоор шүүгч “С”-ийн байрыг үнэгүй, өөрийн материалаар зассан нь хахууль юм/

Хээл хахууль авах нь ил болон далд /халхавчилсан/   хэлбэртэй үйл ажиллагаа байдаг.

Ил гэдэг нь албан тушаалтанд   шууд гардуулахыг хэлнэ.

Халхавчлагдсан гэдэг нь албан тушаалтанд шагнал, урамшил, илүү цаг, албаны нэмэгдэл, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг гадна байдлаараа хууль ёсны юм шиг хэлбэрээр өгөхийг хэлнэ.

Субъектив тал: Шууд санаатай. Шунахай сэдэлттэй байна.

Субъект: Албан тушаалтан

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 268.2/

Энэ хэргийг:

  • хясан боогдуулах замаар хээл хахууль авсан,
  • давтан үйлдсэн,
  • хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн,
  • зохион байгууллалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Хясан боогдуулж хээл хахууль авах гэж албан тушаалтан иргэдийг чирэгдүүлэх, хээл хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд оруулах асуудлыг шийдэхгүй байхыг ойлгоно.

 

Зүйлчлэлийн асуудал:

·         Албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй , бусад хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх, албаны бус зорилгод төрийн эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэрийг ашиглахыг хориглоно. /Төрийн албаны тухай хуулийнй 15.1-ийн 6.7/

  • Албан тушаалтан хээл хахууль авч эрхэлж буй албан тушаалын байдал, эрх мэдлээ ашиглан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлыг хангах үйлдлийг хийх ба хийхгүй байлгахын тулд бусад албан тушаалтанд дарамт үзүүлж шаардсаны үр дүнд тухайн албан тушаалтан шаардсан үйлдлийг хийсэн болон хийгээгүй бол энэ зүйлд заасан гэмт хэрэг болно.
  • Хэд хэдэн хүний ашиг сонирхлыг хангахад чиглэгдсэн өөр үйлдэл хийх, хийхгүй байхын тулд хүн бүрээс хээл хахууль авсан бол ЭХ-ийн 268-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давтан авсан гэж хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно.  
  • Хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцэх үйлдэл хийх, тийм бүрэн эрхгүй боловч өөрийн албан тушаалын байдлаар өөр албан тушаалтнуудаар хийлгэх талаар арга хэмжээ авсан бол ЭХ-ийн 268 дугаар зүйлээр зүйлчилнэ.
  • Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан бус хүмүүс бусад хүмүүсийн ашиг сонирхолд нийцэх үйлдлийг хийх буюу хийхгүй байхын тулд шан харамж авсан бол энэ зүйлд заасан гэмт хэрэг болохгүй.

·         Албан тушаалтан өөрийн удирдлага, хяналтанд байдаг хүмүүсийн ажлын ноцтой дутагдал, доголдлыг хаацайлах, хамгаалах, тэдний талаар өөрийн эрх мэдлийн хүрээнд багтах асуудлаар нааштай шийдвэр гаргана гэж мөнгө, эд зүйл авсан бол хээл хахуулийн гэмт хэрэг болно.

  • Албан тушаалтан төрийн одон медаль, цолоор шагнагдсантай холбоотойгоор бэлэг, сэлт авах, зээл авах нь хээл хахууль авах гэмт хэрэг биш юм. Энд мөнгө эд зүйл бэлэглэж байгаа хүн ямар нэг нөхцөл тавиагүй байдаг.  
  • Албан тушаалтан хахууль өгөгчийн хүсэл сонирхлыг хангахын тулд мөнгө, эд зүйл авах, үйлчлүүлэх, байраа засуулах, өр төлбөрөө хүчингүй болгуулах нь энэ гэмт хэрэг болно.
  • Хахууль өгөгчийн ашиг сонирхлыг хангах буюу хангахгүй байхын тулд хахууль авах нь үйлдлийн өмнө буюу дараа нь байж болно. Энэ нь зүйлчлэлд онцын ач холбогдолгүй юм.

·         Албан тушаалтан авч өгөлцөхөөр урьд нь тохиролцсон хээл хахуулиа хөндлөнгийн шалтгаан, нөхцөлөөс болж хараахан авч чадааагүй бол ЭХ-ийн 32-ыг журамлан 268-аар зүйлчилнэ. 

  • Албан тушаалтан хахууль өгөгчийн үйлдсэн гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийг ил болгоно гэж заналхийлэх замаар хахууль өгөхийг шаардсан бол эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг болно.

 

Хээл хахууль өгөх /ЭХ-ийн 269-р зүйл/

 

Объект: Төрийн байгууллага, түүний аппаратын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, иргэдийн эрх, ашиг сонирхол

Объектив тал: Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн идэвхтэй үйлдэл байна. Албан тушаалтнаар өөрийн сонирхолд нийцсэн үйлдэл хийлгэх, хийлгэхгүй байхын тулд хээл хахууль өгдөг.

Субъектив тал: Шууд санаатай, тусгай зорилго агуулсан байна

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хувь хүн албан тушаалтан

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 269.2/

Энэ хэргийг

·         давтан үйлдсэн,

·         хээл хахуулийн хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд үйлдсэн,

·         зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэгллэл үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Хээл хахуулийн хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэж өмнөх хэрэгт ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа буюу ялгүйд тооцогдоогүй ялгүй болоогүй байхдаа дахин энэ хэргийг үйлдсэн байхыг ойлгоно.

Тайлбар: Хээл хахууль өгсөн этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчилж ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. /ЭХ-ийн 269-р зүйлийн тайлбар/

 

Зүйлчлэлийн асуудал:

·         Хээл хахууль өгч авалцахыг зохион байгуулсан, ингэхийг хатгасан өгөх болон авахад хамжсан гэж үзэх бөгөөд нэгэн зэрэг зуучлах үүргийг гүйцэтгэснийхээ төлөө хээл хахууль өгч авалцахад хамтран оролцсон гэж ЭХ-ийн 35.1.6-г журамлан ЭХ-ийн 268, 269-р зүйлээр давхар хариуцлага хүлээлгэнэ.

  • Хээл хахууль өгөгч хахуулийг өгөхөд чиглэгдсэн, урьд төлөвлөсөн үйлдлээ хийсэн боловч албан тушаалтны хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас авч чадаагүй бол ЭХ-ийн 32-ыг журамлан 269-өөр зүйлчилнэ.

·         Албан тушаалтанд хахууль өгсөн боловч авахаас татгалзсан бол хахууль өгөхийг оролдсон этгээдийн үйлдлийг ЭХ-ийн 32-ыг журамлан 269-өөр зүйлчилнэ.

 

 

  • Байгууллагын ашиг сонирхлын үүднээс албан тушаалтанд хээл хахууль өгөх замаар тодорхой үйлдэл хийлгэсэн буюу хийхээс татгалзуулсан, удирдлагадаа байгаа хүмүүст тодорхой албан тушаалтанд хээл хахууль өгөх үүрэг өгсөн, албадсан албан тушаалтанд ЭХ-ийн 269-өөр хариуцлага хүлээлгэнэ. 
  • Харин удирдах албан тушаалтны заавар, зөвлөлгөөний дагуу ямар нэгэн үйлдэл хийлгэх хийлгэхгүй байлгах зорилгоор албан тушаалтанд хээл хахууль өгсөн ажилтанг хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцогч гэж ЭХ-ийн 35-6-г журамлан ЭХ-ийн 269-р зүйлээр хариуцлага хүлээлгэнэ.
  • Албан тушаалтан ямар нэгэн шагнал, нэмэгдэл авах эрхийнхээ дагуу мөнгө, эд зүйлийг авч байна гэж ойлгосон бол хээл хахууль өгөх гэмт хэрэг болохгүй. Албан тушаалтанд түүний зүгээс үзүүлсэн тусламж дэмжлэгт талархаж бэлэг сэлт өөр хүнээр дамжуулсан бол хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.  
  • Хэн нэг хүний хүсэлтээр тодорхой албан тушаалтанд өгүүлсэн мөнгө, эд зүйлийг хээл хахуулийн халдлагын зүйл гэдгийг мэдээгүйгээр дамжуулсан бол энэ гэмт хэрэг болохгүй. 

·         Хахууль өгөгчийг хүссэн үр дүнг хангахад чиглэгдсэн үйлдэл хийх буюу хийхгүй байхын тулд хэд хэдэн удаа мөнгө, эд зүйл авсан нь удаа дараа авсанд тооцогдохгүй. Хээл хахууль авсан этгээд хахууль өгөгчтэй урьд тохиролцсон мөнгө, эд зүйлийг авч ЭХ-д  заасан гэмт хэрэг үйлдсэн бол      ЭХ-ийн 269-р зүйлийг холбогдох зүйлтэй хамт зүйлчлэн нийлмэл гэмт хэргээр, хахууль өгөгчийн үйлдлийг хахууль өгсөн болон хахууль өгөгчийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж зүйлчилнэ.

 

Хээл хахууль зуучлах /ЭХ-ийн 270-р зүйл/

 

Объект: Төрийн байгууллага, түүний аппаратын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, иргэдийн эрх, ашиг сонирхол нэмэгдэл объект

Объектив тал: Хээл хахууль өгч авахад зуучилсан идэвхтэй үйлдэл байна.

Субъектив тал: Хээл хахууль өгөгчийн хүсэлтээр мөнгө, эд зүйлийг өгч авалцахад тусалж байна гэдгээ ухамсарлаж ингэхийг хүссэн байна.

Субъект:   Хээл хахуулийг зуучилсан этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 270.2/

Энэ хэргийг:

·         давтан үйлдсэн,

·         хээл хахуулийн хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд үйлдсэн,

·         албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэргийг давтан үйлдсэн гэж урьд үйлдсэн хэргийн тухайд ЭХ-ийн 72-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрөөгүй байхад дахин хээл хахууль өгч авалцахад зуучилсан байхыг ойлгоно.

Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж албан тушаалтан албан ажил, үүргийн хүрээнд хээл хахууль авагчтай харьцдаг /удирдлагад нь ажилладаг/ тэр боломжоо хээл хахууль өгч, авалцахад ашигласан байхыг ойлгоно.

 

Зүйлчлэлийн асуудал:

·         Хээл хахуулийг зуучлах нь хээл хахуулийн гэмт хэрэгт хамтран оролцохоос хийж буй үйлдлийн шинж чанар, гэмт санаа бодлын агуулгаараа ялгагдана. Хээл хахуулийг шууд өгөхөөс бусад хээл хахууль авах, өгөхөд дэм үзүүлсэн үйлдлүүд нь зуучлах болохгүй. Хахууль авах, өгөхийг зохион байгуулсан, хатгасан, хамжсан, мөн түүнчлэн зуучилсан этгээдэд энэ зүйлээр хариуцлага хүлээлгэхгүй. Харин хээл хахууль өгөх, авахад хамтран оролцогч болно.

·         Хээл хахуулийг зуучлахыг “худал зуучлах” гэдэг ойлголтоос ялгах шаардлагатай. Энэ тохиолдолд субъект хахууль өгөгчөөс эд хөрөнгө, мөнгийг албан тушаалтанд өгнө гэж аваад өөрөө ашигладаг. Хэрэв эд хөрөнгийг авах зорилгоор хээл хахууль өгөхийг анх санаачлан зохион байгуулах, хээл хахууль өгөгчийг хатгах замаар эд, мөнгө авсан бол тийм этгээд залилан мэхлэх болон хээл хахууль өгөхөд хатгасан гэмт хэргээр хариуцлага хүлээлгэнэ.

 

4. Хуурамч баримт бичиг үйлдэх болон албан тушаалын бусад гэмт хэргүүд

 

Албан тушаалтны нэр барих /ЭХ-ийн 267-р зүйл/

 

Объект: Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн аппаратын хэвийн ажиллагаа, нэр хүнд 

Объектив тал: 

  • албан тушаалтан бус этгээд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулсан байна.
  • энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна.  

Албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулах гэдэг нь тодорхой үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй мөртлөө албан тушаалтны үүрэг, эрхийг хууль бусаар эдлэх замаар хууль бус үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Түүнтэй харьцаж байгаа иргэн нь албан тушаалтны нэр барьж байгааг мэдсэн, мэдээгүй нь ач холбогдолгүй

Субъектив тал: Шууд санаатай, өөрөөр хэлбэл хуульд заасан байгууллагын албан тушаалтны нэр барьж байна гэдгээ ойлгож, ингэхийг хүссэн байна.

Субъект: Албан тушаалтан бус этгээд байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх /ЭХ-ийн 271-р зүйл/

 

Объект: Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд байна.

Объектив тал: Албан тушаалтан баримт бичигт

  • зориуд худал мэдээ оруулсан,
  • худал бичсэн,
  • засвар оруулсан,
  • огноог өөрчилсөн,
  • баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн,
  • үйлдэж олгосон үйлдлүүдийн аль нэг нь хийгдсэнээр гэмт хэрэг төгсөнө.

Баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдэх гэж хууль бус зорилгодоо ашиглах зорилгоор, уг баримт бичгийг цоо шинээр үйлдэж, түүндээ огт байгаагүй үйл явдлыг байсан мэтээр тусгахыг ойлгоно.

Субъектив тал: Шууд санаатай, шунахай болон хувийн бусад сэдэлттэй байж болно.

Субъект: Албан тушаалтан 

 

Зүйлчлэлийн асуудал:

  • Албан тушаалтан өөрийн үйлдсэн хуурамч бичиг баримтыг бусдын өмчийг ашиглан шамшигдуулах зэрэг бусад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бол 267-р зүйлийг тухайн гэмт хэрэгтэй давхар зүйлчилж хариуцлага хүлээлгэнэ.
  • Хувь хүн албаны бичиг баримтыг хуурамчаар үйлдвэл ЭХ-ийн 233-р зүйлд заасан гэмт хэрэг болно. Албан тушаалтан өөрийн албаны байдал, эрх мэдлээ ашиглахгүйгээр эрх олгосон, үүргээс чөлөөлсөн бичиг баримт хуурамчаар үйлдвэл 233-р зүлээр зүйлчилнэ.
  • Албан тушаалтан ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхэд ашиглах, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бичиг баримт хуурамчаар үйлдвэл ЭХ-ийн 267-р зүйлээр болон тодорхой гэмт хэрэгт хамтран оролцсон гэж давхар зүйлчилнэ.

 

 

Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах /ЭХ-ийн 272-р зүйл/

 

Объект: Төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нэмэгдэл объект болно

Объектив тал: Албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ

  • биелүүлээгүй,
  • зохих ёсоор биелүүлээгүй, эс үйлдэхүй байна.
  • энэ эс үйлдэхүйн улмаас бага бус хэмжээний хохирол учирсан байна.
  • эс үйлдэхүй, бага бус хохирол хоёр шалтгаант холбоотой байна. 

Албан тушаалтан хууль, дүрмээр оногдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт өөрийн албан тушаалын эрх мэдэл, чиг үүрэгт хамаарч байгаа хийх ёстой ажил, үйл ажиллагаа явуулаагүй байдал хамаарна. Түүнчлэн албан тушаалын үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нь биелүүлэх бодит боломжтой байсан тохиолдолд л энэ зүйлд заасан гэмт хэрэг болно. Субъект объектив болон субъектив хүчин зүйлүүүдийн улмаас албан тушаалтан үүргээ биелүүлэх боломжгүй байсан бол гэмт хэрэг болохгүй. 

Субъектив тал: Шууд санаатай

Субъект: Албан тушаалтан

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 272.2/

Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

  • Албан тушаалтан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх үүргээ биелүүлээгүйн улмаас иргэдийн эрх ашиг сонирхолд бага бус гэм хор учруулбал энэ зүйлээр хариуцлага хүлээнэ.

·         Хуульд заасан бага бус хохиролд тухайн албан тушаалтны чиг үүрэгт хамаарахгүй үйлдлийг хийгээгүй, зохих ёсоор хийгээгүйн улмаас учирсан бол хайнга хандах гэмт хэрэг болохгүй. ЭХ-ийн 248, 249, 250-р зүйлд заасан гэмт хэргийг тухайн зүйлд зааснаас бусад сэдэлтээр /шунахай буюу хувийн/ үйлдвэл 272-р зүйлээр хариуцлага хүлээлгэнэ.

·         Эмнэлгийн байгууллагын тасгийн эрхлэгч өвчтэй хүнд тусламж үзүүлэх үүрэгт ажилдаа хайнга хандсан бол ЭХ-ийн 106 дугаар зүйл, барилгын чанарт хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан үүрэгт ажилдаа хайнга хандсан бол ЭХ-ийн 174 дүгээр зүйл, аюулгүйн ажиллагааны дүрэмд хяналт тавих үүрэгтээ хайнга хандсан албан тушаалтанд ЭХ-ийн 183 дугаар зүйлд тус тус хариуцлага хүлээлгэнэ. Энэ зүйлээр давхар зүйлчлэх шаардлагагүй.

 

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /ЭХ-ийн 273-р зүйл/

 

Объект: Төрийн өмч төсвийн   хөрөнгийг зориулалтаар нь зарцуулах талаар төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуульд заасан журам

Объектив тал: Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг

  • зориулалтын бусаар зарцуулсан,
  • зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан. 
  • нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авч мөнгөний эргэлтийг саатуулсан,
  • зохиомол хомсдол бий болгох замаар бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, үнийг зориудаар өсгөсөн,
  • төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан,
  • улсын төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бууруулж хөрөнгө завшсан үйлдлээс үлэмж хохирол учирсан байна. 

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14-р зүйлд зааснаар:

·         зээл олгох, авах, зээлийн төлбөр гүйцэтгэх, зээл хувиргах,

·         мөнгөн хөрөнгө нэгдсэн зориулалтаас гадуур банкинд данс нээх,

·         санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг авах,

·         хуульд заасныг зөрчин төсвөөс гадуур зардал гаргах,

·         үндсэн хөрөнгө борлуулсны орлогыг урсгал зардлыг санхүүжүүлэхэд ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулахыг улсын төсвийн байгууллага, албан тушаалтанд хориглосон байдаг. Эдгээр хориглосон үйл ажиллагаа явуулах замаар төсвийг зориулалтын бусаар зарцуулбал энэ гэмт хэрэг болно. 

 

Субъектив тал: Санаатай, шунахай сэдэлттэй

Субъект: Төсөв захирагч

Төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтныг хэлнэ.  

Ерөнхий менежер гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулан төсвийн байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэг бүхий албан тушаалтныг ойлгоно.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 273.2/

Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

271-н онолын тайлбар байна уу
Шууд санаагүй ямар хэлбэрээр илэрч болох вэ
бичсэн Зочин цаг: 11:38, 2013-03-22 | Холбоос | |
хүний хийсэн лекцийг ингэж хуулбарлаж болдог юм уу? арай ч ингэж болохгүй байх ээ эрдэнэцэцэгээ... арай ч дээ.
бичсэн Гантулга (зочин) цаг: 23:07, 2013-02-24 | Холбоос | |
маш их баярлалаа
сайн байна уу багшаа сайхан амарч байна уу? Блогноос чинь маш их хэрэг болоод байса юмаа харлаа. Баярлалаа багшаа алга ташилт
бичсэн Зочин цаг: 22:49, 2011-06-11 | Холбоос | |
Hello my best teacher tanii sedev talagdaj bna.
баярлалаа багшаа Аска bna алга ташилт 8540-001-17-1075[1] 8540-001-17-1075[1]
бичсэн hello (зочин) цаг: 14:45, 2011-04-30 | Холбоос | |
Hello my best teacher tanii sedev talagdaj bna.
баярлалаа багшаа Аска алга ташилт
бичсэн hello (зочин) цаг: 14:42, 2011-04-30 | Холбоос | |
bagsha tanii hisn zvilvd bvgd sak bolje n.uranbileg
бичсэн Зочин цаг: 18:45, 2011-04-26 | Холбоос | |
delgerengui boljee goe bna гоё шүү
бичсэн moojig цаг: 11:44, 2011-04-19 | Холбоос | |
BAGSHAA BID 2 ORLOO GOE BOLJEE. ZONDOO BODLOGONUUD TAVIARAI
бичсэн TSERENHAND D.URANBIL (зочин) цаг: 11:58, 2011-04-13 | Холбоос | |
баяртай байна баярлалаа багшаа алтмаа



бичсэн Зочин цаг: 11:29, 2011-04-11 | Холбоос | |
hi teachar yrni nice bn shvv
бичсэн Зочин (зочин) цаг: 15:47, 2011-03-29 | Холбоос | |
hey bagshaa namuunjin enhsaran баяртай байна
бичсэн Зочин цаг: 18:47, 2011-03-25 | Холбоос | |



:-)
 
xaax