Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн
үүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн ойлголт:
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг засаглах эрх мэдлийг хуваах онолын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэлд тэнцвэржүүлэн хуульчилжээ.
Ардчилсан Үндсэн хуульт төрийн засаглалын хэм тэгш гурван салаа мөчрийн нэг шүүх эрх мэдэл, шүүхийн үйл ажиллагаа нь Монгол улсад төрийн тогтолцоог боловсронгуй болгох, ардчилал, хүний эрхийг хамгаалан хөгжүүлэх, нийгэмд хууль ёсыг төлөвшүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртай.Иймд шүүх эрх мэдлийг Үндсэн хуулийн үзэл санааны дагуу зохион байгуулж улмаар бэхжүүлэх нь төрийн бодлого, үйл ажиллагааны анхаарлын төв байсаар ирсэн билээ.[1]
Шүүх эрх мэдэл нь шүүн таслах ажиллагаа явуулах бүрэн эрхийн нийлбэр цогц бөгөөд
1. Эрүү иргэн, захиргаа болон Үндсэн хуулийн хэрэг , маргааныг байцаан шийтгэх хууль тогтоомжийн заасны дагуу хянан шийдвэрлэх бүрэн эрх;
2. Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах эрх
3. Хяналтын бүрэн эрх / баривчилсан буюу саатуулсан нь хууль зүйн үндэстэй эсэхийг шалгах/
4. Өөр бусад бүрэн эрх / зэргээс бүрдэнэ.[2]
Шүүн таслах ажиллагаа нь Монгол улсад эрүү, иргэний болон захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх төрийн үйл ажиллагааны нэг төрөл хэлбэр мөн.
Монгол Улсад шүүх эрх мэдэл, шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор тодорхойлогдсон байна.
Монгол улсын Үндсэн хуулийн “Шүүх эрх мэдэл” гэсэн IY бүлгийн 47-р зүйлд “…1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.
З. Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна…” гэж шүүх таслах ажиллагааны эрх зүйн үндсийг хуульчлан тунхаглажээ.
Шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсч байгаа харилцааг холбогдох хууль тогтоомжоор тухайлбал: 1993 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хууль, 2002 онд шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актаар зохицуулдаг.
Шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааны журам, зарчмыг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас хамгаалахад Монгол улсын ЭЭЗүй чухал үүрэгтэй.
.Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1-р зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хуулиар хамгаалах нийгмийн харилцаа болох “эрх зүйн журам” гэсэн ойлголтод “шүүн таслах ажиллагааны журам” хамаардаг.
Эрх зүйн журам гэдэг нь бодит нийгмийн харилцаанд хууль ёс хэрэгжсэнийг нотлон харуулах эрх зүйн субьектүүдээс эрх зүйн хэм хэмжээг бүрэн дүүрэн, яв цав биелүүлсний үр дүнд тогтон бэхждэг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдсан нийгмийн харилцааны тогтолцоо юм.
Эрх зүйн журам, хууль ёс гэсэн ойлголтууд нь хоорондоо харилцан хамааралтай ойлголтууд бөгөөд хууль ёс бол байх ёстой зүйл бол эрх зүйн журам нь бодит байдалд хууль ёс хэрэгжих байдал мөн.
Эрх зүйн журам нь Эрүүгийн хуулийн 1-р зүйлд нэрлэн заасан Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа /эрх ашиг, сонирхол/-наас бусад харилцаа тухайлбал: нийгмийн ёс суртахуун, нийгмийн хэв журам, нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, захиргааны журам, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагаа, цэргийн алба хаах талаар тогтоосон журам гэх мэт нийгмийн олон талт харилцааг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм.
Монгол Улсын ЭЭЗүй нь өөрийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн XXYII бүлэгт “Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилан, шүүн таслах ажиллагааны журам зөрчсөн /халдсан/ тодорхой гэмт хэргүүд, тэдгээрийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн ялын төрөл, хэмжээг тогтоожээ.
Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасан “Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-ийн бүлгийг бүтцийн хувьд, уг бүлэгт хуульчлагдсан тодорхой гэмт хэргүүдийг бүхэлд авч үзвэл уг бүлэгт зөвхөн шүүн таслах ажиллагааны эсрэг бус, төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх талаар явуулж буй бүхий л үйл ажиллагааны эсрэг чиглэсэн, тэдгээрт халдсан хэргүүд хуульчлагдсан нь харагдаж байна.Тухайлбал: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, эрүү, иргэн ба захиргааны хэргийг шүүн таслах ажиллагаа, эрүү болон иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх /биелүүлэх/ үйл ажиллагааны журамд халдсан гэмт хэргүүд хуульчлагдсан байна.Өөрөөр хэлбэл уг бүлгийн агуулга, бүтэц, түүнд хуульчлагдсан гэмт хэргүүд нь энэ бүлгийн нэр болох “Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-ээс илүү өргөн хүрээтэй болохыг харж болно.Үүнийг доктор /Sc.D/,профессор Г.Совд БНМАУ-ын ЭЭЗүй.Тусгай анги бүтээлдээ тэмдэглэж байв.[3]
Манай ЭЭЗүйн судлаач, эрдэмтдийн бүтээлд “Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-ийг ойлголтыг харилцан адилгүй тодорхойлжээ.Тухайлбал: доктор /Sc.D/, професоор Ж.Авхиагийн редакторлосон БНМАУ-ын ЭЭЗүй. Тусгай анги сурах бичигт “…Шүүн таслах ажиллагаа тухайлбал: гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаалт явуулах, эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулах, түүнийг гүйцэтгэн биелүүлэхэд социалист хууль ёсыг хууль ёсыг чандлан бэхжүүлэх үндсэн дээр шүүн таслах эрх мэдлийг хэрэгжүүлэх явцад үүсч байгаа нийгмийн харилцаанд халдсан нийгэмд аюултай үйлдлүүд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хамаарна…”[4] гэж тэмдэглэсэн бол доктор /Sc.D/, профессор С.Жанцан “Монгол Улсын ЭЭЗүй” бүтээлдээ “…Шүүхийн хэвийн үйл ажиллагаа, шүүгчийн хараат байдал, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын хуульд нийцсэн хэвийн үйл ажиллагаа, хэрэг бүртгээггч, мөрдөэн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтны нэр төр, алдар хүнд, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын халдашгүй эрх, эрх чөлөөнд халдсан, Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйнүүдийн цогц бүрдлийг шүүн ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэнэ…”[5] гэж илүү өргөн хүрээтэйгээр тодорхойлжээ.
“Шүүн таслах ажилагааны эсрэг гэмт хэрэг” гэдэг нь төрөөс гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх талаар явуулж буй үйл ажиллагаа болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүү, иргэнийн ба захиргааны хэргийг шүүн таслах ажиллагаа, эрүү болон иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх /биелүүлэх/ үйл ажиллагааны журамд халдаж, тэдгээрт ноцтой хор уршиг учруулсан буюу учруулахуйц, Эрүүгийн хуулийн XXYII бүлэгт заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн нийлбэр цогцыг хэлнэ.
Нийтлэг бүрэлдэхүүн:
Хууль тогтоогч Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн XXYII бүлэг буюу “Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүлэгт шүүн таслах ажиллагааны журам зөрчсөн /халдсан/ тодорхой гэмт хэргүүд, тэдгээрийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн ялын төрөл, хэмжээг тогтоожээ.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүлэгт 245-262-р зүйлд нийт 18 гэмт хэргийг /бүрэлдэхүүнийг/ хуульчилсан байна.
Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн тодорхой бүлэгт заасан гэмт хэргүүд болохын хувьд хууль тогтоогчоос хуульчилсан тодорхой төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг /шинжийг/ агуулах ба энэ шинжээрэээ Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасан бусад төрлийн гэмт хэргээс ялгагдана.
Хууль тогтоогч Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг дараахь шинжтэйгээр /бүрэлдэхүүнтэйгээр/ хуульчилсан байна.
Обьект: Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн төрлийн объектын талаар манай ЭЭЗүйн эрдэмтэд эрдэмтэн судлаачид өөр өөр байр суурийг баримталдаг. Тухайлбал: Академич С.Нарангэрэл “…шүүн таслах ажиллагаа, түүнчлэн шүүхийн таслан шийтгэх тогтоол, шийдвэрийг гүйцэтгэх байгууллагын хэвийн үйл ажиллагаа…”, доктор /Sc.D/, профессор С.Жанцан “…Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуульд нийцсэн хэвийн үйл ажиллагаа байна…”[6] гэж үзжээ.
Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн төрлийн обьект нь бидний үзэж байгаагаар төрөөс гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх талаар явуулж буй үйл ажиллагаа болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүү, иргэнийн ба захиргааны хэргийг шүүн таслах ажиллагаа, эрүү болон иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх /биелүүлэх/ үйл ажиллагааны журам, тэдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад үүсч буй нийгмийн харилцаа буюу Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль ёсны хэвийн үйл ажиллагаа байна.
Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан тодорхой гэмт хэргүүдийн хувьд халдлагын шууд объект нь өөр өөр байна.
Жишээ нь: Эрүүгийн хуулийн 246-р зүйлд заасан “Гэмт хэргийг үл мэдээлэх” гэмт хэргийн хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэж буй буюу үйлдэгдсэн цаг тухайд таслан зогсоох, илрүүлэх талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болох бусад хууль тогтоомжоор тогтоосон журам буюу гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага тухайлбал: Цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа байдаг бол Эрүүгийн хуулийн 249-р зүйлд заасан “Хүнийг хууль бусаар баривчлах” гэмт хэргийн обьект нь Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны журам,хэвийн үйл ажиллагаа болно.Харин Эрүүгийн хуулийн 254-р зүйлд заасан “Худал мэдүүлэг өгөх” хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэргийг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуульд заасан эрүүгийн болон иргэний хэргийг нотлох ажиллагааны журам, Эрүүгийн хуулийн 261-р зүйлд заасан “Шүүх, цагдах хорих, хорих ангиас оргох” гэмт хэрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хэвийн үйл ажиллагаа зөрчсөн обьекттой байдаг.
Шүүн таслах ажиллагааны эсрэг олонхи гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, төрийн байгуулага эрх ашиг сонирхолд халдсан давхар обьекттой байна.
Давхар объекттой буюу хоёр объекттой гэмт хэрэг гэдэг нь гэмт этгээд өөрийн нийгэмд аюултай үйлдэлээрээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн нийгмийн харилцаа /эрх ашиг, сонирхолд/-нд нэг зэрэг халдсан буюу хор уршиг учруулсан байхыг хэлнэ.[7] Ийм хэргийн тоонд Эрүүгийн хуулийн 248, 249, 250, 251, 252, 253, 254, 256, 259, 261-р зүйлд заасан хэргүүд орно. Жишээ нь: Эрүүгийн хуулийн 254-р зүйлд заасан “Зориуд худал мэдээлэх” гэмт хэргийн үндсэн шууд обьект Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллагын хэвийн үйл ажиллагаа байдаг бол нэмэгдэл шууд объект нь хүний эрх эрх чөлөө, нэр төр алдар хүнд байна.Харин Эрүүгийн хуулийн 259-р зүйлд заасан “Шүүгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэх” гэмт хэргийн хувьд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах прокурор шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль ёсны хэвийн үйл ажиллагаа нэмэгдэл объект дээрх албан тушааалтнуудын нэр төр, алдар хүнд байдаг.
Халдлагын зүйл: Шүүн таслах ажиллагааны эсрэг зарим гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний заавал байх шинж нь халдлагын зүйл болно. Ийм хэрэгт Эрүүгийн хуулийн 248, 249, 250, 251, 252, 256, 257, 259, 260, 261-р зүйлд заасан гэмт хэргүүд хамаарна. Жишээ нь: Эрүүгийн хуулийн 260-р зүйлд заасан хэргийн халдлагын зүйл нь гэмт этгээдийн үйлдэлд өртөж буй хуулийн байгууллагаас дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгө байдаг бол 261-р зүйлд заасан “Шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох” хэргийн халдлагын зүйл нь хорих ангийн барилга байгууламж хамгаалалтын тоног төхөөрөмж, эд зүйл, эд хөрөнгө, харин халдлагад өртөгч / хохирогч/ нь хорих ангийн ажилтан, харуул манааны үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч байдаг онцлогтой.
Объектив тал: Шүүн таслах ажиллагааны эсрэг бүх гэмт хэрэг нь объектив талын бүтцийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байдаг.Учир нь шүүн таслах ажиллагааны эсрэг олонхи хэргүүд нийгмийн хор аюулаар ихтэй учраас заавал хор уршиг учруулсан байхыг шаарддаггүй зөвхөн Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдлийг хийснээр гэмт хэргийн бүрдэл төгсдөгт оршино.Харин эдгээр гэмт хэргийн улмаас хохирогчийн улс төр, ёс суртахуун, амь бие, эрүүл мэнд, нэр төр болон эд хөрөнгөнд хор хохирол учруулах нь тухайн хэргийн хүндрүүлэн үзэх нөхцөл болно.[8]
Шүүн таслах ажилагааны эсрэг гэмт хэргийн бүлэгт хуульчлагдсан 18 гэмт хэрэг нь бүгд үндсэн бүрэлдэхүүний хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хуульчлагдсан, харин хууьд заасан хор уршиг учирсан тохиолдолд хүндрүүлж үзэхээр заасан нь үүнийг давхар нотолж байна.
Энэ бүлэгт заасан дийлэнх хэргүүд Эрүүгийн хуулийн 247, 248, 249, 250, 251, 252, 253, 254, 256, 257, 259, 261-р зүйлд заасан гэмт хэргүүд гэмт үйлдэл /идэвхтэй үйлдэлээр/ үйлдэгдэнэ. Харин цөөхөн гэмт хэрэг тухайлбал: Эрүүгийн хуулийн 246-р зүйл /Гэмт хэргийг үл мэдээлэх/, 258-р зүйл /Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх/, 262-р зүйл /Хорих ял эдлэхээс зайлсхийх/ хэрэг нь гагцхүү гэмт эс үйлдэхүйгээр үйлдэгдэх буюу гэмт этгээдийн идэвхгүй гэмт зан үйлээр илэрнэ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 245-р зүйл /Хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах/, 254-р зүйл /Худал мэдүүлэг өгөх/, 255-р зүйл /Гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах зайлсхийх/ зэрэг гэмт хэргүүд гэмт үйлдэл, эс үйлдэхүйн аль алинаар үйлдэгдэж болно.
Субъектив тал: Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн субьектив талын нэг онцлог нь энэ бүлэгт хамаарах бүх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг явдал мөн.Хууль тогтоогч ихэнх гэмт хэргийн субъектив талын шинжийг хуульчлахдаа санаатай үйлдэгдэхээр шууд зааж өгчээ.Түүнчлэн зарим гэмт хэргийн субъектив талыг хуульчлахдаа “зориуд”, “илт” гэх мэт нэр томъёог хэрэглэсэн ба энэ нь уг хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэхийг илэрхийлж байна.Үүний жишээ болгон Эрүүгийн хуулийн 248, 252, 254-р зүйлийг нэрлэж болно.
Эрүүгийн хуулийн 248,249, 250-р зүйлд заасан гэмт хэргүүдийн субъектив талын заавал байх шинж нь гэмт хэрэг үйлдсэн сэдэлт байхаар заасан ба эдгээр хэргүүд нь шунахай буюу хувийн бусад сэдэлтээр үйлдэгдсэн тохиолдолд гэмт хэрэг болно.
Субьект: Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргүүд нь нийтлэг болон тусгай субъектэй байна.Уг бүлэгт заасан дийлэнх гэмт хэргүүд нь тусгай субъекттэй гэмт хэрэгт хамаарна.Тухайлбал: Эрүүгийн хуулийн 248-р зүйл /Илт гэм бруугүй хүнийг сэжигтнээр тооцох,яллагдагчаар татах, ял шийтгэх/, 249-р зүйл /Хүнийг хууль бусаар баривчлах/, 250-р зүйл /Шүүхээс хууль бус шийдвэр гаргах/, 251-р зүйл /Мэдүүлэг өгөхийг албадах/, 253-р зүйл /Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх/, 254-р зүйл /Худал мэдүүлэг өгөх/, 254-р зүйл /Гэрч хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас зайлсхийх/, 260-р зүйл /Дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгө үрэгдүүлэх, нуух/, 261-р зүйл /Шүүх цагдан хорих, хорих ангиас оргох/, 262-р зүйл /Хорих ял эдлэхээс зайлсхийх/-д заасан хэргүүд тусгай субъекттэй хэрэг болно.
Харин 245-р зүйл /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад хийх/, 246-р зүйл /Гэмт хэргийг үл мэдээлэх/, 247-р зүйл /Гэмт хэргийг нуун далдлах/, 252-р зүйл /Зориуд худал мэдээлэх/, 256-р зүйл /Гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх/, 257-р зүйл /Мөрдөн байцаалтын мэдээ баримтыг задруулах/, 258-р зүйл /Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх/, 259-р зүйл /Шүүгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэх/-д заасан хэргүүдийн субъект нийтлэг субъект байна.
Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн тогтолцоо, төрөл:
Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 245-262-р зүйлд заасан гэмт хэргүүд хамаарах ба уг хэргүүдийг тэдгээрийн бүрэлдэхүүний онцлог, обьектив ба субъектын онцлогоос хамааран төрлүүдэд ангилдаг[9].
Доктор /Sc.D/, профессор Г.Совд 1965 онд туурвисан “БНМАУ-ын ЭЭЗүй.Тусгай анги” бүтээлдээ шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг тэдгээрийн субъектын онцлогоос үндэслэн гурван төрөлд ангилсан байдаг.Үүнд:
1. Шүүн таслах эрхийг биелүүлэх албан тушаалтнуудаас үйлдэж болох шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргүүд
2. Энгийн хүмүүсээс үйлдэж болох шүүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг
3. Шүүхийн тогтоолоор эрүүгийн ял эдлэгсдээс үйлдэх гэмт хэргүүд болно.[10]
Харин доктор /Sc.D/, профессор Ж.Авхиагийн редакторлосон “БНМАУ-ын ЭЭЗүй.Тусгай анги” сурах бичигт мөн субъектын шинжээс нь хамааран:
1. Хууль хамгаалах байгуллагын албан тушаалтнуудаас үйлдэх гэмт хэргүүд
2. Шүүн таслах ажиллагаанд туслах үүрэг бүхий хүмүүссээс үйлдэх гэмт хэргүүд
3. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлээс зайлсхийсэн ба урьдчилан хорих газраас оргох гэмт хэргүүд
4. Гэмт хэрэгтэй тэмцэх ажилд саад учруулсан гэмт хэргүүд гэж 4 ангилжээ.[11]
Академич С.Нарангэрэл мөн субъектын шинжид үндэслэн:
1. Шүүн таслах болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтан ,ажилтнаас үйлдсэн гэмт хэрэг
2. Эрх зүйн албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн үйлдсэн гэмт хэрэг
3. Шүүн таслах ажиллагаанд тус дөхөм үзүүлэх иргэний нийтлэг үүргээ зөрчсөн бусад этгээдийн үйлдсэн хэрэг гэж 3 ангилсан [12]нь Доктор /Sc.D/, профессор Г.Совдын ангилалтай үндсэндээ төстэй байна.
Доктор /Sc.D/, профессор С.Жанцан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг тэдгээрийн халдлагын шууд объектыг үндэс болгон:
1. Гэмт хэргийг илрүүлэх ,таслан зогсоох ажиллагааны эсрэг гэмт хэрэг
2. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны журам, зарчмыг гажуудуулсан гэмт хэрэг
3. Нотлох баримтыг цуглуулахад саад учруулах гэмт хэрэг
4. Шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх гэмт хэрэг гэж 4 ангилсан нь бидний үзэж байгаагаар шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргүүдийн мөн чанар, онцлогт илүү нийцсэн оновчтой ангилал болсон болсон гэж үзэх бүрэн үндэстэй байна.
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажиллагааны эсрэг гэмт хэргүүд
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах /ЭХ-ийн 245-р зүйл/
Хууль тогтооогч 2002 оны Монгол улсын Эрүүгийн шинэ хуульд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах” гэмт хэргийг “Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт шинээр хуульчилжээ.
Хууль хамгаалах, сахиулах байгууллага түүний дотор гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага болох хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, үл хүндэтгэх нь төрөөс нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх талаар явуулж буй үйл ажиллагаанд халдсан ЭБША-ы зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Монгол улсын ЭБШХ-ийн 28.3-д “…Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас тодорхой хэргийг шалгах явцад энэ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан тогтоолыг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ…” гэж заасан байдаг.
Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул нь гэмт этгээд /хувь хүн, албан тушаалтан/ эрүүгийн хэрэгт явагдаж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон эрүү, иргэний хэргийг шүүн таслах ажиллагаанд саад учруулах замаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд ноцтойгоор саад учруулах, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагааг хэрэгжүүлэх, хэргийг хуулийн дагуу зөв шийдвэрлэхэд хүндрэл учруулдагт оршино.
Объект: Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах жаиллагааны журам, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын хуульд нийцсэн хэвийн үйл ажиллагаа байна.
Объектив тал: Уг хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэнэ.
Хэрэг бүртгэлт гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, гэмт хэргийн ангиллаар хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг илрүүлэх, нотлох талаар хэрэг бүртгэгчээс хуулийн дагуу явуулж буй үйл ажиллагаа юм.
Мөрдөн байцаалт гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, гэмт хэргийн ангиллаар хүнд, онц хүнд гэмт хэргийг илрүүлэх, нотлоход чиглэгдсэн мөрдөн байцаагчийн хуульд нийцсэн үйл ажиллагаа юм.
Шүүн таслах ажиллагаа гэж шүүх, шүүгчээс эрүүгийн хэргийг ЭБШХ-д заасан журмаар хянан хэлэлцэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох цагаатгах буюу яллах шийдвэр гаргах ажиллагаа юм.
Санаатайгаар саад учруулах гэдэгт гэмт этгээдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны журам, хууль ёсны хэвийн ажиллагааг алдагдуулах, саатуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг ойлгох ба энэ нь мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагаа болон бусад ажиллагааг /үзлэг, нэгжлэг, туршилт…/ явуулахад саад учруулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, шаардсан холбогдох баримт бичиг, нотлох баримт, эд зүйлийг гаргаж өгөхгүй байх, ЭБША-нд оролцогчид тухайлбал, гэрч, хохирогчоос бусад шаардлагатай оролцогчид /мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрч,/ дуудахад ирэхгүй байх, шаардлагыг биелүүлэхгүй, нотлох баримтыг гаргаж өгөхгүй байх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрнэ.
Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэртэй ба шууд ба шууд бус санааны аль ч хэлбэртэй байж болно. Харин доктор /Sc.D/, профессор С.Жанцан уг хэрэг нь шууд санаатай, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэсэн зорилготой байна гэж үзсэн байна.[13]
Субъект: Нийтлэг субъекттэй. 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.
Хүндрүүлэх нөхцөл байдал: /ЭХ-ийн 245.2/
Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Албан тушаалтан гэдэгт Эрүүгийн хуулийн 263, 265-р зүйлийн тайлбарт заасан төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтныг ойлгох ба тэдгээр нь энэ хэргийг үйлдэхдээ өөрсдийн албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн байх ёстой.
Албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэдэг нь албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлаа албан ажлын ашиг сонирхолд харшаар ашиглан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд саад учруулсаныг ойлгоно.
Зүйлчлэлийн асуудал:
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэргийг хуульчилсан Эрүүгийн хуулийн 245-р зүйл нь нийтлэг /ерөнхий/ хэм хэмжээ бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-ийн бүлгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан бусад тусгай хэм хэмжээнд заасан төсөөтэй гэмт хэргүүдээс дараах шинжээр ялгагдан зүйлчлэгдэнэ. Үүнд:
· Хэрэв хэн нэгэн этгээд гэрч, хохирогчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд дуудагдан ирэхэд болон үнэн зөв мэдүүлэг өгөхөд нь саад учруулсан бол энэ зүйлээр бус Эрүүгийн хуулийн 255-р зүйлээр зүйлчилнэ.
· Хэрэв гэрч, хохирогчийг хүч хэрэглэх, эд хөрөнгийг устгахаар заналхийлэх,
Гэмт хэргийг үл мэдээлэх /ЭХ-ийн 246-р зүйл/
Хууль тогтоогч 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар өмнөх Эрүүгийн хууль буюу 1986 оны шинэчлэн найруулсан Эүүгийн хуулийн тусгай ангийн 83-р зүйлд заасан “Төрийн эсрэг гэмт хэргийг үл мэдээлэх”, 199-р зүйлд заасан “Гэмт хэргийг үл мэдээлэх” хэргүүдийг 246-р зүйлд нэгтгэн “Гэмт хэргийг үл мэдээлэх” хэрэг болгон хуульчилжээ.
Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох нь зөвхөн төрийн, хуулийн байгууллагуудын үүрэг биш бөгөөд энэ үйл ажиллагаанд иргэдийн оролцоо чухал үүрэгтэй.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэний оролцоо, эдлэх эрх, хүлээх үүргийг 1997.12.05-ны өдөр батлагдан мөрдөгдөж байгаа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтухай” МУ-ын хуульд тодорхойлсон юм. Уг хуулийн 10.3-д: “…иргэн гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй…” гэж заасан байна.
Хэрэв иргэн хуулиар хүлээсэн иргэнийхээ үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, гэмт хэргийн талаар өөрийн үзсэн, харсан, мэдсэн зүйлээ зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол ЭХ-ийн 246-р зүйлд зааснаар эрүүгийн хариужцлага хүлээлгэнэ.
Гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэргийн хор аюул нь иргэн хүн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар хүлээсэн иргэнийхээ үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн, өөрийн үзсэн, харсан гэмт хэргийн талаар болон гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ зохих төрийн байгууллага, албан тушаалтанд үл мэдээлэх замаар гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг цаг тухайд нь түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох талаар төрөөс явуулж байгаа үйл ажиллагаанд саад учруулдагт оршино.
Үндсэн бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 246.1/
Объект: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох талаар хууль тогтоомжоор тогтоосон журам, төрийн ашиг сонирхол байна.
Объектив тал: 246.1-д заасан үндсэн бүрэлдэхүүний хувьд уг хэсэгт нэрлэн заасан 24 гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй эс үйлдэхүй байна. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд үл мэдээлсэн үеэс бүрэлдэхүүн төгсдөг.
Үйлдэхээр бэлтгэж байгаа хэрэг гэдэгт ЭХ-ийн 246.1-д заан нэрлэсэн хэргүүдийг үйлдэхээр бэлтгэсэн буюу ЭХ-ийн 31-р зүйлд заасан бэлтгэх үе шатанд байгаа хэргийг,
Гэмт хэрэг үйлдэгдсэнийг гэж нэгэнт үйлдэгдэж дууссан буюу ЭХ-ийн 30.1-д заасан төгссөн хэргийг хэлнэ.
Зохих байгууллага гэж гэмт хэрэгтэй шууд тэмцэх үүрэг бүхий төрийн байгууллага, тухайлбал: Цагдаа, Прокурор, Шүүх, Тагнуул, ШШГүйцэтгэх болон Хил хамгаалах байгууллага, орон нутгийн захиргааны байгууллага /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын Газар/ зэргийг,
Зохих албан тушаалтан гэж дээрх төрийн байгууллагын албан тушаалтан тухайлбал, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч, прокурор, шүүгч, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, хилийн цэргийн албан хаагч, албан тушаалтан, Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг,
Лавтай сайн мэдсэн атлаа гэж иргэн хүн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийг үйлдэхээр бэлтгэж байгаа болон нэгэнт үйлдсэнийг өөрийн биеэр үзсэн, харсан эсхүл, бусад хоёрдогч найдвартай эх сурвалжаас мэдсэн байхыг,
Мэдээлээгүй гэж гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдэгдсэнийг мэдсэн атлаа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10.3-д заасан гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ мэдээлэх иргэний үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эс үйлдэхүйг,
Хүндэтгэх шалтгаангүй гэж Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т зааснаар өөрийн болон гэр бүоийн гишүүд, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ дагуу тэдний үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэн хэргийг мэдээлээгүй байх, өөрийн үзсэн харсан гэмт хэргийн талаар мэдээлэх нь тухай этгээдийн болон гэр бүлийнхний амь насанд аюултай байх /гэмт хэргийн талаар мэдээлсэн тохиолдолд тухайн этгээд болон түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн, энэ нь бодитой хэрэгжих боломж нөхцөлтэй/, бусдын хүчинд автсан, эсхүл бусад байдлаар тухалбал, мэдээлэх харилцаа, холбооны хэрэгсэл, унаа, тээврийн хэрэгсэл байхгүй, мэдээлэх боломж нөхцөл байгаагүй, гадны давагдашгүй хүчинд автах /үер, зуд г.м/ зэргээс бусад тохиолдолд гэмт хэргийг зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүйг тус тус хэлнэ.
Субъектив тал: Гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна. Сэдэлт, зорилго ач холбогдолгүй.
Субъект: Нийтлэг субъект байна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 246.2/
ЭХ-ийн 79, 80, 81, 82, 84, 85-р зүйлүүдэд заасан хэргүүдийг үл мэдээлсэн бол хүндрүүлж үзнэ.
Зүйлчлэлийн асуудал:
· ЭХ-ийн 246.1, 246.2-д нэрлэж зааснаас бусад хэргүүдийг үл мэдээлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
· Хэрэв үйлдэгдсэн болон үйлдэхээр бэлтгэж байгаа гэмт хэргийн талаар бодитой мэдээлэл байхгүй, зөвхөн өөрийн сэжиг таамаглал төдий зүйлийг, эсхүл нэгэнт бусдад ил болсон мэдээллийг болон найдвартай бус эх сурвалжаас сонсож мэдсэн зүйлээ үл мэдээлсэн бол энэ гэмт хэгийн бүрэлдэхүүнд хамаарахгүй.
· Хэрэв хүндэтгэх шалтгаанаар мэдээлээгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
· Энэ хэгийн субъект нь тухайн гэмт хэргийн талаар мэдээлэхгүй гэж бусадтай урьдаас үгсэн тохироогүй байх ёстой. Хэрэв ингэсэн бол тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон, хамжсан гэж үзэж ЭХ-ийн ерөнхий ангийн 35.6-г журамлан тусгай ангийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
· Хэрэв албан тушаалын хувьд гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох үүрэг бүхий этгээд бусдын үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж буй гэмт хэргийг таслан зогсоох талаар зохих арга хэмжээ аваагүй, төрийн зохих байгууллага, албан тушаалтанд үл мэдээлсэн бол ЭХ-ийн 263, 265-р зүйлүүдийн аль тохирохоор зүйлчилнэ.
Гэмт хэргийг нуун далдлах /ЭХ-ийн 247-р зүйл/
2002 оны шинэ Эрүүгийн хуулиар 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 84 /Төрийн эсрэг гэмт хэргийг нуун далдлах/, 200 /Гэмт хэргийг нуун далдлах/-р зүйлүүдийг нэг зүйлд буюу 247-р зүйлд нэгтгэн “Гэмт хэргийг нуун далдлах” хэрэг болгон хуульчилсан байна.
Объект: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох талаар хууль тогтоомжоор тогтоосон журам байна.
Объектив тал: Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. ЭХ-ийн 247.1–д заасан үндсэн бүрэлдэхүүний хувьд уг хэсгийн диспозицид нэрлэн заасан ЭХ-ийн тусгай ангийн
· 91 /Хүнийг санаатай алах/
· 96 /Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/
· 108 /Хүн хулгайлах/
· 112 /Хүнийг барьцаалах/
· 126.2, 126.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/
· 145.2, 145.3, 145.4 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах/
· 146.2, 146.3, 146.4 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг булаах/
· 147 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/
· 148.2, 148.3, 148.4 / Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах/
· 150.2, 150.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/
· 176 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах/
· 177 /Зандалчлах/
· 225 /Агаарын хөлөг авч зугтаах/
· 268.2, 269.2, 270.2 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах/ зэрэг 24 гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан идэвхитэй үйлдлээр илэрнэ.
Нуун далдлах гэж ЭХ-ийн ерөнхий ангийн 39.2-т зааснаар гэмт хэрг үйлдсэн этгээд, түүний хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлахгүйгээр санаатай нуух зэргээр гэмт хэргийн ул мөрийг арилгасныг хэлнэ.
Урьдчилан амлахгүйгээр нуун далдлах гэдэгт гэмт хэрг үйлдэхээс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалж гэмт хэрг үйлдэхэд тусламж дэмжлэг үзүүлээгүй, харин нэгэнт гэмт хэрэг үйлдсэний дараа тэдгээрийг санаатай нуусныг ойлгоно.
Гэмт хэрэгтнийг нуун далдлах гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэр орон, агуулах саванд нуух, орогнуулах, хоол, хувцас өгөх, унаа хөсөг, тээврийн хэрэгслээр хангах, хуурамч баримт бичиг өгөх, хэн болохыг бүрхэгдүүлэх, уг этгээдийн талаар бусдад буруу ташаа мэдээлэл өгөх, өөр нутаг дэвсгэрт шилжихэд болон гадаад улсад гарахад туслах зэргээр нуун далдалсныг,
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгслийг нуун далдлах гэж тэдгээрийг өөрийн орон байр, агуулах саванд нуух, өөр газар болон бусдад шилжүүлэх, тэдгээрийн өнгө үзэмж, шинж чанарыг өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр нуун далдалсныг,
Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах гэж түүнийг орон байр, агуулах саванд нуух, өөр газарт шилжүүлэх, бусдад түр өгөх, өөрийн болон бусдын нэр дээр түр шилжүүлэх, эд зүйлийн шинж чанар, өнгө үзэмжийг өөрчлөх, тоо, хэмжээг нуух, дарах, өөр зүйлээр орлуулах, солихыг,
Зарж борлуулах гэж гэмт хэрг үйлдэж олсон эд зүйлийг хариу төлбөртэйгээр бусдын эзэмшилд шилжүүлэх, өөр эд зүйлээр сольж арилжихыг
Гэмт хэргийн ул мөрийг балласан гэж хэргийн газар үлдсэн ул мөрийг баллах, арилгах, өөрчлөх, гэмт хэрэгтэн болон хохирогчийн биед үлдсэн ул мөрийг баллах, аргилгах, нотлох бхримт болох бусад зүйлийг нуух, устгах, гэмтээхийг хэлнэ.
Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Сэдэлт янз бүр байх боловч уг хэргийн бүрэлдэхүүнд нөлөөлөхгүй.
Субъект: Нийтлэг субъекттэй. Гэмт хэргийг нуун далдалсан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцфах чадвартай хувь хүн байна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн:
ЭХ-ийн тусгай ангийн 79, 80, 81, 82, 84, 85, 188-р зүйлүүдэд заасан гэмт хэргүүдийг нуун далдалсан бол ялыг хүндрүүл үзнэ.
Зүйлчлэлийн асуудал:
· ЭХ-ийн 247.1, 247.2-т нэрлэж зааснаас бусад гэмт хэргүүдийг нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
· Хэрэв хүндэтгэх шалтгаантай тухайлбал, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ үйлдсэн хэргийг нуун далдалсан, бусдын бие махбодийн болон сэтгэл санааны дарамт шахалтанд автсан болон давагдашгүй хүчинд орж нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
· Энэ хэргийн субъект нь тухайн гэмт хэргийг нуун далдлана гэж бусадтай урьдаас үгсэн тохиролцоогүй байх ба хэрэв үгсэн тохиролцсон бол гэмт хэрэгт хамтран оролцсон, хамжсан гэж үзэж ЭХ-ийн 35.6-г журамлан тусгай ангийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
· Албан тушаалын хувьд гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох үүрэг бүхий этгээд нуун далдалсан бол ЭХ-ийн тусгай ангийн 263, 265-р зүйлийн аль тохирохоор зүйлчилнэ.
· Харин гэмт хэрг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж бусдаас урьдчилан амлалгүйгээр авсан, урьдчилан амлалгүйгээр борлуулах зорилгоор авсан буюу цааш нь зарж борлуулсан бол энэ зүйлээр бус ЭХ-ийн 155-р зүйлээр зүйлчилнэ.
3. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны зарчим, журамд халдсан гэмт хэргүүд
Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх /ЭХ-ийн 248-р зүйл/
Хууль тогтоогч 2002 оны Монгол Улсын Эрүүгийн шинэ хуулийн 248-р зүйлд 1986 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 201-р зүйлд заагдаж байсан “Илт гэм буруугүй хүнийг эрүүгийн хариуцлагад татах”, 203-р зүйлд заасан “Илт хууль бус таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал гаргах” гэмт хэргүүдийг “Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх” гэмт хэрэг болгон нэг зүйлд хуульчилсан байна.
Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх гэмт хэрэг нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн дотор нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэгт тооцогдоно. Учир нь уг гэмт хэргийн нийгмийн хор аюул хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хохирогчийг гэм буруугүй гэдгийг мэдсээр байж шунахай буюу хувийн сэдэлтээр, ЭБШХуульд заасан үндэслэлгүйгээр хууль бусаар сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж, ял шийтгэснээр ЭБШХуулиар тодорхойлсон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны журмыг зөрчөөд зогсохгүй хүний хууль ёсны эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж ноцтой хор уршгийг учруулдагт оршино.
Объект нь: Давхар объекттой. Үндсэн шууд объект нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааны хууль ёсны хэвийн үйл ажиллагаа, ЭБШХ-иар тогтоосон журам / зарчим / байна. Нэмэгдэл объект нь хүний эрх, эрх чөлөө байна.
Халдлагад өртөгч: Илт гэм буруугүйгээр хууль бусаар сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, ял шийтгэгдсэн хувь хүн байна.
Илт гэм буруугүйгээр сэжигтнээр тооцогдсон хүн гэдэг нь гэмт хэрэг огт үйлдээгүй, эсвэл үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, түүнчлэн захиргааны болон бусад эрх зүйн зөрчил /сахилгын, иргэний эрх зүйн, ёс суртхууны зөрчил / гаргасан байхад нь гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн, сэжигтнээр тооцогдсон этгээдийг хэлнэ.
Илт гэм буруугүйгээр яллагдагчаар татагдсан хүн нь гэмт хэрэг огт үйлдээгүй, эсвэл үйлдсэн тодорхой хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, бусад эрх зүйн зөрчил үйлдсэн, түүнчлэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч хүнд гэмт хэрэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан этгээд юм.
Илт гэм буруугүйгээр ял шийтгүүлсэн хүн гэдэгт гэмт хэрэг огт үйлдээгүй, эсвэл үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, түүнчлэн захиргааны болон бусад эрх зүйн зөрчил /сахилгын, иргэний эрх зүйн, ёс суртхууны зөрчил / гаргасан, нийгмийн хор аюулаар бага, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч хүнд ялтай, гэмт хэргийн ангиллаар хүнд гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн этгээдийг ойлгоно.
Объектив тал: Үндсэн бүрэлдэхүүний хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл энэ хэрэг нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахай буюу хувийн бусад сэдэлтээр илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэснээр бүрэлдэхүүн төгсөнө.
Энэ хэрэг нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахай буюу хувийн бусад сэдэлтээр илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэсэн идэвхитэй үйлдлээр үйлдэгдэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн II бүлгийн 16-р зүйлийн 13-д зааснаар Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.
Мөн Монгол Улсын ЭБШХ-ийн 7-р зүйлд *Энэ хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур хэнийг ч сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж, ял шийтгэж болохгүй * гэж заасан байдаг.
Сэжигтнээр тооцох үндэслэл журмыг Монгол Улсын ЭБШХ-ийн 35-р зүйлд заасан ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурьдсан этгээдийг сэжигтнээр тооцох үндэслэл бүхий тогтоол гаргана.Үүнд:
· Уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан
· Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогч буюу харсан хүн шууд заасан
· Уг этгээдийг бие, хувцас, эд зүйл болон орон байранд гэмт хэргийн ул мөр тодорхой илэрч олдсон
· Уг этгээд хэргээ илчлэн ирсэн
· Гэмт хэрэг сэрдэгдэх үндэслэл бүхий бусад баримт байгаа зэрэг болно.
Яллагдагчаар татах үндэслэл журмыг Монгол Улсын ЭБШХ-ийн 16-р бүлгийн 196-р зүйлд хуульчилжээ. “…Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ…” гэж Монгол Улсын ЭБШХ-ийн 196-р зүйлийн 196.1-д заасан байдаг.
Мөн 196-р зүйлийн 196.2-д “…Яллагдагчаар татах тухай тогтоолд уг тогтоолыг хэзээ, хаана, хэн үйлдсэн, яллагдагчаар татагдаж байгаа этгээдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, уг этгээд Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаа, уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн болон бусад ямар байдал тогтоогдсоныг бичнэ...”
196.3-д “…Яллагдагч нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлд заагдсан гэмт хэрэгт яллагдаж байгаа бол яллагдагчаар татах тухай тогтоолд яллагдагч ямар тодорхой хэргүүдэд яллагдаж байгааг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг нэг бүрээр заана…” гэжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг хурдан шуурхай бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй явдлыг хангахад оршино./ЭБШХ-ийн 11-р зүйл/
Дээрх зорилт нь амьдралд үйлдэгдсэн хэргийн бодит нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн зан байдал, тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлийг зөв тогтоох, гэмт хэргийг зөв зүйлчлэх, эүүгийн хариуцлага ялыг шударгаар, ялгамжтайгаар оногдуулах явдлаар хэрэгжинэ.
Үүний тулд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэрэг үйлдсэнийг тогтоох нотлох, хангалттай нотлох баримтыг цуглуулах, энэ зорилгоор ЭБШХуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг хэрэгжүүлэх ёстой. Хэрэв Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хангалттай нотлогдсон гэж үзвэл түүнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэнэ.
Хангалттай нотлох баримт гэдэг нь гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг нотолж байгаа, ЭБШХуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, эрүүгийн хавтаст хэрэгт бодитойгоор цугларсаныг хэлнэ.
Илт гэм буруугүй хүнийг яллагдагчаар татах гэдэгт Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч Монгол Улсын ЭБШХ-ийн 196-р зүйлд заасан үндэслэлгүйгээр, шунахай буюу хувийн сэдэлтээр, хууль бусаар илт гэм буруугүй хүнийг яллагдагчаар татсаныг ойлгоно.
Прокурор яллагдагчар татах гэдэгт прокурор шунахай буюу бусад хувийн сэдэлтээр хөнгөн ба хүндэвтэр хэрэгт илт гэм буруугүй хүнийг яллагдагчаар татсан тогтоолыг батлах, хүнд болон хүндэвтэр хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн, яллагдагчаар татсан тогтоолд заасан ялыг өөрчлөн сонсгох, нэмж ял сонсгох, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт илт гэм буруугүй хүнийг яллагдагчаар татах, ял өөрчлөн болон нэмж сонсгох тухай мэдэгдэл, заалт өгч яллагдагчаар татуулахыг хамааруулна.
Монгол Улсын ЭБШХ-ийн 214-215-р зүйлд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд, уг хэрэгт прокуророос хийх ажиллагаа, яллах дүгнэлт үйлдэх журмыг хуульчилжээ.
Монгол Улсын ЭБШХ-ийн 214 дүгээр зүйлийн 214.1-д зааснаар Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас шилжүүлсэн хэргийн талаар прокурор дор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй:
- Гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх;
- Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэх;
- Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг бүрэн, бодитой явуулсан эсэх;
- Сонсгосон ял нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн эсэх;
- Сонсгосон ял нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар тогтоосон бүх гэмт хэргийг хамарч чадсан эсэх;
- Гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх;
- Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг зөв хэрэглэсэн эсэх;
- Таслан сэргийлэх арга хэмжээг зөв хэрэглэсэн эсэх;
- Иргэний нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авсан эсэх;
- Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх зэрэг болно.
ЭБШХ-ийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэхүү хугацааг 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.
Прокурор хэргийг хянаж үзээд дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана.Үүнд:
- хөнгөн болон мөрдөн байцаалтын тусгай харьяалалтайгаас бусад хүндэвтэр гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлэх;
· тусгай харьяалалтай хүндэвтэр гэмт хэрэгт болон хүнд, онц хүнд гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх;
- нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах;
· энэ хуулийн 208 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох;
· хэргийг түдгэлзүүлэх;
· хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх зэрэг болно./ЭБШХ-ийн 215-р зүйлийн 251.2/.
Ял шийтгэх гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр нотлогдож тооцогдсон этгээдэд ЭБШХ-д заасан журмын дагуу ял оногдуулахыг, тогтоол гаргахыг хэлэх ба ЭБШХ-ийн 290.3-д “… Шүүх хуралдааы үед шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана… “ гэж заасан байна.
Тогтоол нь анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсхүл гэм буруугүйг тогтоож, түүнд ял оногдуулах,ялаа чөлөөлөх тухай шийдвэр юм.[14]
Тогтоол нь зөвхөн шүүхээс гаргадаг шүүн таслах ажиллагааны баримт бичиг мөн. Тогтоол нь яллах ба цагаатгах гэсэн хоёр хэлбэртэй байх ба бидний судалж буй гэмт хэргийн хувьд илт гэм буруугүй хүнд ял оногдуулсан, яллах шийтгэх тогтоол гаргасан байна.. ЭБШХ-ийн 5-р зүйлийн 5.1.21-д зааснаар "цагаатгах тогтоол" гэж шүүгдэгчийн гэм буруугүйг нотолсон шүүхийн шийдвэрийг; 5.1.22.-д зааснаар "шийтгэх тогтоол" гэж шүүгдэгчийг гэм буруутайг нотолж, түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хэлнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр анхан шатны журмаар шүүн таслах үйл ажиллгаа явуулж байгаа шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс тогтоол гаргана./ЭБШХ-ийн 283-р зүйлийн 283.1/
ЭБШХ-ийн 284-р зүйлийн 284.1-д “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.
284.2-д “…Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ…”
284.3-д “… Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ…” гэж заасан байна.
Шүүн таслах ажиллагаанд хууль ёсыг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж баталгаажуулах, шударга ёсыг хэрэгжүүлэхэд шүүхээс хэрэг бүрийн талаар гаргаж буй тогтоол нь хууль ёсны байх, үндэслэлтэй байх явдал чухал үүрэгтэй.
Тогтоол хууль ёсны байх гэдэгт тогтоол ЭБШХуульд нийцсэн, шүүх Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байхыг ойлгоно.
Тогтоол үндэслэлтэй байна гэдэг нь шүүх түүнийг гаргахдаа шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан тэдгээрийг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой шинжилсний үндсэн дээр длүгнэлт хийсэн, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн зүйлчлэлийг тал бүрээс судлан шинжилсэн, гэм буруутай этгээдийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх бүх нөхцөл байдлыг харгалзсан байхыг хэлнэ.[15]
Илт гэм буруугүй хүнд ял шийтгэх нь үндэслэлгүй, амьдралд үйлдэгдсэн хэргийн бодит нөхцөлд нийцээгүй, хууль бус шийтгэх тогтоол гаргаснаар, уг тогтоолыг уншиж сонсгосноор төгссөн гэмт хэрэг болно.
Тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна гэдэг нь хоёр тусдаа ойлголт боловч хоорондоо харилцан уялдаатай салшгүй холбоотой ойлголт юм. Тогтоол хууль ёсны байх нь үндэслэлтэй байхыг өөртөө агуулах ба үндэслэлтэй байх шаардлагыг ЭБШХуульд тогтоосон байна.Үүнээс үзэхэд үндэслэлгүй тогтоол ямагт хууль ёсны бус байна.
Тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх нь тогтоолд дурьдсан дүгнэлт хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцсэн байх явдал мөн. .
Илт гэм буруугүй хүнд ял шийтгэх гэдэгт шүүгч шунахай буюу хувийн сэдэлтээр илт гэм буруугүй, гэмт буруутай нь тогтоогдоогүй хүнд хууль бусаар ял оногдуулсаныг хэлнэ.
Субъектив тал: Гэм буругийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Шунахай буюу хувийн бусад сэдэлтээр үйлдсэн байхыг шаардана.
“Шунахай сэдлтээр” гэдэгт шүүгч бусдаас хахууль авч буюу авахаар, бусдаас эд хөрөнгө, мөнгө, түүнийг эзэмших эрх, өв залгамжлах эрхийг хууль бусаар олж авах, бусдад төлбөл зохих өр төлбөрөөс чөлөөлөх, зайлсхийхийн тулд уг хэргийг үйлдсэнийг хамааруулна.
“Хувийн бусад сэдэлтээр” гэдэгт хохирогчид өс хонзон санах, түүнийг үзэн ядах, атаархах, эр, эмийн хардлага, танил тал харах, ажлын алдаа дутагдлаа нуух, албан нэр, албан тушаал хөөцөлдөх зэрэг хувийн сэдэлтээр үйлдсэнийг хэлнэ.
Субъект: Тусгай субъекттэй гэмт хэрэг болно.Энэ гэмт хэргийн субъект нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч байна.
Хэрэг бүртгэгч гэж хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтныг хэлнэ. /ЭБШХ-ийн 5-р зүйлийн 5.2/
ЭБШХ-ийн 26 дугаар зүйлд Хэрэг бүртгэлт явуулах байгууллагыг хуульчилжээ. ЭБШХ-ийн 26-р зүйлийн 26.1-д зааснаар дараахь байгууллага, албан тушаалтан дор дурдсан хөнгөн, хүндэвтэр хэрэгт хэрэг бүртгэлт явуулна:Үүнд:
· Хилийн тагнуулын алба -Эрүүгийн хуулийн 89/Хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх/, 90/Улсын хилийн дэглэм зөрчих/, 175/Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт; /ЭБШХ-ийн 26.1.1/
· 2. Цагдаагийн байгууллага -энэ хуулийн 26.1.1-д зааснаас бусад хөнгөн, хүндэвтэр хэрэгт харьяалал харгалзахгүйгээр; /ЭБШХ-ийн 26.2/
· Монгол Улсын хилийн гадна байгаа тус улсын төрийн далбаа мандуулсан усан онгоцны ахмад, агаарын хөлгийн багийн дарга тухайн усан онгоц, агаарын хөлөг аялж яваа үед, түүнчлэн Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйлд заасан хойшлуулшгүй ажиллагааг явуулна. /ЭБШХ-ийн 26.3/
Мөрдөн байцаагч гэж мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг хэлнэ./ЭБШХ-ийн 5.1.5/
ЭБШХ-ийн 27 дугаар зүйлд ямар байгуулага мөрдөн байцаалт явуулах, ямар хэрэгт мөрдөн байцаалт явуулах талаар зааж өгчээ. Үүнд:
1-рт: Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагч:
· Эрүүгийн хуулийн 79 /Эх орноосоо урвах/, 80/Тагнуул хийх/, 81/Төр, нийгмийн зүтгэлтэний амь биед халдах/, 82/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 83/Зэвсэгт үймээн дэгдээх/, 84/Хорлон сүйтгэх/, 85/Хорлон саатуулах/, 86/Үндэсний эв нэгдлийг бусниулах/, 87/Төрийн нууц задруулах/, 88/Төрийн нууц мэдээ, баримт бичиг, биет зүйлийг үрэгдүүлэх/, 89/Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх/, 133/Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/, 175/Эд зүйлийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх/, 224.2/Олон улсын нислэгийн журам зөрчих/, 297/Зэвсэгт мөргөлдөөн гаргах/, 300/Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах/, 301/Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох, 302/Төрлөөр устгах/, 303., 303.2/Хөлсний цэрэг ашиглах/;
- Тагнуулын ерөнхий газрын ажилтны хийж байгаа гүйцэтгэх ажилтай холбогдсон – Эрүүгийн хуулийн 263/Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264/Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна. /ЭБШХ-ийн 27-р зүйлийн 27.1/
2-рт: Прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах алба нь цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна./ЭБШХ-ийн 27.2/
3-рт: Мөрдөн байцаах байгууллагын мөрдөн байцаагч нь энэ хуулийн 27.1-д зааснаас бусад хүнд, онц хүнд хэрэгт болон Эрүүгийн хуулийн 92/Эх нь нярай хүүхдээ алах/, 93/Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах/, 94/Бусдыг болгоомжгүй алах/, 101/Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах/, 102/Хүний цус, эд, эрхтэнг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах/, 106.2/Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх/, 124.2, 124.3/Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах/, 145.2/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 148.2/Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх/, 149.2/Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/, 150.2/Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/, 154.2/Бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах/, 156.1, 156.2 /Банкны тухай хууль тогтоомж зөрчих/, 157/Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу хэтрүүлж оролцох/, 158/Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих/, 159/Аудитийн тухай хууль тогтоомж зөрчих/, 161.1/Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх/, 163.1, 163.2/Хууль бусаар олж авсан эд хөрөнгө, мөнгийг ашиглах-угаах/, 164/Санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авах, задруулах/, 165.2/Санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах/, 169.2/Хэрэглэгчийг хуурч мэхлэх, төөрөгдүүлэх/, 171.2/Гологдол буюу чанар муутай бүтээгдэхүүн худалдах/, 172.2/Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах/, 175.2/Эд зүйлийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх/, 176.1/Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах/, 185.1, 185.2/Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авах, хийж бэлтгэх, хадгалах, авч явах, борлуулах, үйлдвэрлэх/, 188.1/Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх/, 196.1/Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах/, 197.2/Хууль бусаар эмчлэх/, 198.2/Хууль бусаар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх/, 205/Байгаль орчныг бохирдуулах/, 217.2/Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журам зөрчих/, 225.1/Агаарын хөлөг авч зугтаах/, 226/Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх/, 229/Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах/, 243/Мөрийтэй тоглох/, 263/Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264/Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265/Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266/Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268.1/Хээл хахууль авах/, 272.2/Албан тушаалтан албан тушаалдаа хайнга хандах/, 273.2/Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/, 294.1/Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх/, 295.1/Албандаа хайнга хандах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна. /ЭБШХ-ийн 27-р зүйлийн 27.3/
ЭБШХ-ийн 28-р зүйлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эрх, үүргийг тодорхойлжэ.
ЭБШХ-ийн 28-р зүйлийн 28.1-д зааснаар Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт хэрэгт бүртгэгч, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулж, анх хэргийг шалгаж эхэлсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусгах үүрэг хүлээнэ.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.Үүнд:
· Эрүүгийн хэрэг үүсгэх;
· Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт гаргах;
· Хэргийн газарт үзлэг хийх, зураглал үйлдэх, дууны болон дүрс бичлэг хийх;
· Сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоох, шинжээч томилох, хөндлөнгийн гэрчээр оролцуулах;
· ЭБШХ-ийн 62.1.1-62.1.4-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг авах;
· Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх саналыг прокурорт тавих;
· ЭБШХ-ийн 72 дугаар зүйлд заасан албадлагын бусад арга хэмжээ авах;
· Эд мөрийн баримт болон бусад нотлох баримт цуглуулах, энэ хуулийн 28.2.4-т заасан болон хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болох бусад этгээдийг байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;
· Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах;
· Үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө битүүмжлэх буюу хамгаалах арга хэмжээ авах;
· ЭБШХ-ийн заалтыг ягштал баримтлан яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээ авах;
· Прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх асуудлыг бие даан шийдвэрлэж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох эцсийн хариуцлага хүлээх;
· ЭБШХ-иар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд прокуророос өгсөн даалгаврыг заавал биелүүлэх, эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт тайлбар гаргах;
· Гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд зайлшгүй хийвэл зохих гүйцэтгэх ажлыг эрх бүхий байгууллагад даалгавар бичиж гүйцэтгүүлэх;
· Өөр орон нутагт байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, түүнчлэн гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай бол энэ тухай даалгаврыг бичгээр гаргах ба түүнийг хүлээн авсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага заасан хугацаанд заавал биелүүлж хариуг цугларсан нотлох баримтын хамтаар хүргүүлэх зэрэг болно./ЭБШХ-ийн 28-р зүйлийн 28.2/
Прокурор гэж бүх шатны прокурорын газрын прокурорыг хэлнэ. /ЭБШХ-ийн 5.1.20/
Шүүгч гэж бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг хэлнэ. /ЭБШХ-ийн 5.1.19/
ЭБШХ-ийн 31-р зүйлд зааснаар Эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагааг гагцхүү Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.
ЭБШХ-ийн 32-33-р зүйлд шүүх бүрэлдэхүүн, шүүхийн бүрэн эрхийг хуульчилсан байдаг.
Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 248.2/
Энэ хэргийг:
· Илт гэм буруугүй хүнийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэсэн
· Энэ хэргийн улмаас хохирогчид их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлж үзэхээр заасан байна.
Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гэдэгт Эрүүгийн хуулийн 17.4, 17.5-д заасан гэмт хэргийн ангилалтаар хүнд, онц хүнд гэмт хэргийг ойлгоно.
Хүнд гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг, /Эрүүгийн хуулийн 17-р зүйлийн 17.4/,
Онц хүнд гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг /Эрүүгийн хуулийн 17-р зүйлийн 17.5/ хэлнэ.
Энэ хэргийн улмаас хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэдэгт илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсаны улмаас материалын / эд хөрөнгийн / их хэмжээний хохирол буюу Эрүүгийн хуулийн 29-р зүйлд заасан их хэмжээний болон түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг хамааруулна.
Зүйлчлэлийн асуудал :
· Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эрүүгийн хэрэгт илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, шүүгч илт гэм буруугүй хүнд ял шийтгэсэн бол энэ зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.Хэрэв хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч илт гэм буруугүй хүнийг захиргааны хариуцлагад татсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн, шүүгч иргэний хэрэгт илт гэм буруугүй хүнийг хариуцагчаар татсан, иргэний хариуцлага хүлээлгэсэн бол Эрүүгийн хуулийн 248-р зүйлээр зүйлчлэхгүй, харин тухайн хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж, хор учирсан эсэх, хэрэв хор уршиг учирсан бол хор уршгийн шинж зэргийг харгалзан зохих хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал: хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч илт гэм буруугүй хүнийг захиргааны хариуцлагад татсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн, шүүгч иргэний хэрэгт илт гэм буруугүй хүнийг хариуцагчаар татсан, иргэний хариуцлага хүлээлгэсний улмаас хүнд хор уршиг болон их хэмжээний хохирол учирсан бол Албан тушаалын гэмт хэргээр буюу Эрүүгийн хуулийн 263-р зүйлээр эрүгийн хариуцлага хүлээлгэнэ.Харин дээрх үлйдлийн улмаас хүнд хор уршиг болон их хэмжээний хор уршиг учраагүй бол сахилгын арга хэмжээ авч сахилгын шийтгэл ногдуулна.
· Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх гэмт хэргийн субъектив талын заавал байх үндсэн шинж нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч уг хэргийг шунахай буюу хувийн сэдэлтээр үйлдсэн байх явдал бөгөөд хэрэв энэ үйлдлийг хуульд заасан сэдэлтээр үйлдээгүй, үүрэгт ажилдаа илт хариуцлагагүй хайнга хандсан, мэргэжлийн мэдлэг, ур чадвар ажлын дадлага туршлага дутах, мэргэжлийн алдаа гаргах зэргээр болгоомжгүйгээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 248-р зүйлээр зүйлчлэхгүй.Энэ тохиолдолд үйлдлийн шинж, хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 272-р зүйлд заасан “Албан тушаалтан албандаа хайнга хандах” хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл сахилгын арга хэмжээ авна.
· Хэрэв хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хээл хахуул авсан бол энэ зүйлийн тохирох хэсэг болон ЭХ-ийн 268-р зүйлээр нийлмэл гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэнэ.
Хүнийг хууль бусаар баривчлах /ЭХ-ийн 249-р зүйл/
Хууль тогтоогч 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 202-р зүйлд заасан “Илт хууль бусаар баривчлах, албадан саатуулах” гэмт хэргийг Эрүүгийн шинэ хуулийн 249-р зүйлд “Хүнийг хууль бусаар баривчлах” гэмт хэрг болгон хуульчилжээ.
Объект: Давхар объекттой гэмт хэрэг болно. Үндсэн шууд объект нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны журам байна.
Нэмэгдэл объект нь хүний хувийн халдашгүй чөлөөтэй байх эрх байна. МУ-ын Үндсэн хуулийн 16.13-т “…хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, хорих, эрх чөлөөг нь хязгаарлах, мөрдөн мөшгөхийг хориглоно…” гэж заажээ.
Мөн ЭБШХ-ийн 10.1-д “…Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэргт сэрдэн баривчилж болохгүй…”, 10.2-д “…шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч цагдан хорихыг хориглоно…” гэж тус тус заасан байна.
Халдлагад өртөгч: Хууль бусаар баривчлагдсан хүн байна.
Объектив тал: Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр илт хууль бусаар хүнийг баривчилсан үйлдлээр илэрнэ.
Баривчлах гэдэгт ЭБШХ-д заасан үндэслэл, журмын дагуу сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчид болон шүүгдэгчид цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ авах, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмын захиргааны журмаар баривчлах, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баривчлах тус тус хамаарна.
Сэжигтнийг баривчлах гэдэгт ЭБШХ-ийн 58-р зүйлд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа сэжигтнийг баривчлахыг хэлнэ. Уг хуулийн 58.1-д: “…Сэжигтэн оргон зугтахыг завдсан. Эсхүл хүнд, онц хүнд гэмт хэргт сэрдэгдэх хангалттай баримт байгаа бол түүнийг баривчилна…”, 59.1-д “…Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг баривчлах тухай тогтоол үйлдэж прокурорт хүргүүлэх бөгөөд прокурор шүүхэд танилцуулж батлуулна…” гэж заажээ.
[1] Н.Багабанди.”Шүүх эрх мэдэл-шинэ зуун” олон улсын онол прктикийн бага хурал дээр хэлсэн үгнээс. /”Шүүх эрх мэдэл-Шинэ зуун” олон улсын онол практикийн бага хурлын илтгэлүүүдийн эмхэтгэл.УБ.2001 он.9 дэх тал
[2] С.Нарангэрэл.Монголын ба Дэлхийн эрх зүйн тогтолцоо.УБ.2001 он.128 дах тал
[3] Г.Совд.БНМАУ-ын ЭЭЗүй.Тусгай анги.УБ.1965 он.208-209 дэх талыг үз
[4] БНМАУ-ын ЭЭЗүй.Тусгай анги. /ред Ж.Авхиа/. УБ.298 дах тал
[5] С.Жанцан.Монгол Улсын ЭЭЗүй.Ерөнхий ба Тусгай анги./Схемчилсэн тайлбар, зүйлчлэлийн асуудал/.УБ.475 дах тал
[6] С.Нарангэрэл. “Монгол улсын ЭЭЗүй”. Тусгай анги. УБ. 1998 он. 230 дахь тал.
С.Жанцан. “Монгол улсын ЭЭЗүй”. Ерөнхий ба тусгай анги. УБ. 2004 он. 475 дахь тал.
[7] С.Нарангэрэл.Монгол Улсын ЭЭЗүй.Ерөнхий анги.УБ.1999 он.121 дэх тал, С.Жанцан. Монгол Улсын ЭЭЗүй.УБ.2004 он.70 дах тал, Г.Гантөмөр.Гэмт хэргийн бүрэлдэхүүний ерөнхий онол.УБ.2003 он.46-47 дах тал
[8] БНМАУ-ын ЭЭЗүй.Тусгай анги. /ред Ж.Авхиа/. УБ.299 дах тал
[9] Курс советского уголовного права в 6 томах. Том ҮI. М. Изд Наука. 1971 г. Стр 99.
[10] Г.Совд.БНМАУ-ын ЭЭЗүй.Тусгай анги.УБ.1965 он.210 дах тал
[11] БНМАУ-ын ЭЭЗүй.Тусгай анги./ ред Ж.Авхиа/.УБ.1979 он 299-300 дах тал
[12] С.Нарангэрэл.Монгол Улсын ЭЭЗүй.Тусгай анги.УБ.1998 он231 дэх тал
[13] С.Жанцан. “Монгол Улсын Эрүүгийн эрх зүй. Ерөнхий ба тусгай анги. УБ. 2004 он. …дахь тал.
[14] Монгол Улсын ЭБШХ-ийн тайлбар /хамтын бүтээл. Ред Г.Баясгалан,С.Жанцан,Ж.Бямбаа/ УБ.2003 он.403 дах тал
[15] Мөн тэнд. 404 дэх тал