. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

2011-03-04,

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн болон төмөр зам, агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник, ашиглалтын журам, тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд халдсан, тээврийн хэрэгслийг авч зугатсан, Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн цогц бүрдэл юм. 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг шинж чанараас нь хамааруулан:

 

1.    Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчихтэй холбоотой гэмт хэргүүд:

·         Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 215-р зүйл /

·         Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журам зөрчих /ЭХ-ийн 217-р зүйл /

·         Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах гэмт хэрэг /ЭХ-ийн 220-р зүйл /

·         Согтуурсан буюу мансуурсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах /ЭХ-ийн 221-р зүйл/

·         Жолоогоо бусдад шилжүүлэх гэмт хэрэг /ЭХ-ийн 222-р зүйл/

2.    Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчихтэй холбоогүй гэмт хэргүүд

·         Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхих гэмт хэрэг /ЭХ-ийн 216-р зүйл /

·         Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг чанаргүй засварлах, ашиглалтад оруулах гэмт хэрэг /ЭХ-ийн 218-р зүйл /

·         Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг эвдэх, гэмтээх гэмт хэрэг /ЭХ-ийн 219-р зүйл /

·         Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэрэг /ЭХ-ийн 223-р зүйл /

·         Олон улсын нислэгийн журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 224-р зүйл /

·         Агаарын хөлгийг авч зугтаах гэмт хэрэг /ЭХ-ийн 225-р зүйл/ гэж ангилна.

 

Нийтлэг бүрэлдэхүүн:

 

Объект: Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон техник ашиглалтын журам. 

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх, эрүүл мэнд нэмэгдэл объект болно.

Халдлагын зүйл: Төмөр зам, агаарын болон авто тээврийн хэрэгсэл байна.

 Объектив тал: Энэ бүлэгт заасан гэмт хэргүүд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйн аль алинаар нь үйлдэгдэнэ. Тухайлбал, ЭХ-ийн 215-225 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд байна.

Энэ бүлгийн 215, 217, 218, 219, 220, 221, 222-р зүйлд заасан гэмт хэргүүд материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл заавал хуульд заасан хохирол учирч байж төгсөнө.

Харин 216, 223, 224, 225 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.

Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үйлдэгдэх газрыг хуульд шууд заасан байна.

Субъектив тал: Энэ бүлэгт заасан бараг бүх гэмт хэргүүд гэм буруугийн давхардсан хэлбэртэй. Ихэнх тохиолдолд үйлдэлдээ санаатай хор уршигт болгоомжгүй ханддаг.

ЭХ-ийн 216, 219, 220, 221, 223, 224, 255 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд зөвхөн санаатай үйлдэгдэнэ.

ЭХ-ийн 223 дугаар зүйлд ашиглан шамшигдуулах зорилгогүй болохыг шууд заасан. Бусад хэрэг дээр сэдэлт зорилго нь зүйлчлэлд нөлөөлөхгүй, ял оногдуулахад харгалзана. 

Субъект: 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Зарим хэрэг дээр тухайлбал 217, 218, 220, 224 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект тусгай байж болно.

 

2. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчихтэй холбоотой гэмт хэргүүд:

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих /ЭХ-ийн 215-р зүйл/

 

Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

2.Энэ хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

 

            3.Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

            4 Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Объект: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам.

Объектив тал: 

·         Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна.

·         Ийм үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл, үлэмж хэмжээний хохирол учирсан,

·         Үйлдлэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

Замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагааг ойлгоно. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос учирч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн ажиллагаа юм. 

Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэдэг нь жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, замын тэмдгүүдэд заасан дохио, журмыг биелүүлэхгүй байх, хориглосон гэрэл дохиогоор зорчих, зай барихгүй байх, гүйцэж түрүүлэх журам зөрчих, байрлал буруу эзлэх, зогсохыг хориглосон газар зогсох, хэтэрхий удаан явж хөдөлгөөнд саад учруулах, гэрэл дохиог буруу ажиллуулах зэрэг хэлбэртэй .  

Тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих нь: Тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах /самосвал дээр хүн суулгах/ бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, ашиглахыг хориглосон, гэмтэлтэй, зохих зөвшөөрлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон, зорчигчдыг суулгах, буулгах журам зөрчсөн, машины даац хэтрүүлэх зэрэг хэлбэртэй байна.

Тээврийн хэрэгсэл гэж хүн ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнчлэн бусад механикжсан тээврийн хэрэгсэл юм. /ЭХ-ийн 215-ын тайлбар/

Механикжсан тээврийн хэрэгсэл гэж хөдөлгүүрээр тоноглогдсон мопедоос бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл юм.

Нийтийн тээврийн хэрэгсэлд автобус, троллейбус, чиглэлийн такси, хүн тээвэрлэхэд зориулан тоноглогдсон машин хамаарна.

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй.

Субъект: Жолооч байна.. 

Жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээд байна. /ЭХ-ийн 215-р зүйлийн тайлбар /

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 215.2/

Энэ хэргийг:

·         Согтуугаар үйлдсэн,

·         Бусдын бие махбодид хүнд гэмтэл,

·         Их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 215.3/

Энэ   хэргийн улмаас:

  • бусдын амь хохирсон,
  • Онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

 

Зүйлчлэлийн асуудал:

  • Хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчиж хүний бие махбодид хөнгөн гэмтэл, эд материалын бага бус хохирол учруулбал энэ зүйлд заасан гэмт хэрэг болохгүй. Захиргааны хариуцлага хүлээлгэнэ. 
  • Хохирогчийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг бүдүүлгээр зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас хохирогч нас барсан, хүнд гэмтсэн бол жолооч энэ зүйлээр хариуцлага хүлээхгүй.

·         Машин болон өөрөө явагч бусад тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа барилга, уул уурхай болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчиж хохирол учруулсан бол жолоочийн үйлдлийг энэ зүйлээр бус ЭХ-ийн 138, 183 дугаар зүйлийн аль тохирохоор зүйлчилнэ.

·         Жолооны сургууллалтын үед суралцагч дадлага хийх явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хуульд заасан хохирол учруулбал суралцагч бус жолооны багш эрүүгийн хариуцлага хүлээнэ.

 

Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журам зөрчих /ЭХ-ийн 217-р зүйл/

 

Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч   гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

3.Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Объект: Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам хүний эрүүл мэнд

Объектив тал: 

·         Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна,

·         Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан

·         Эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байна.

Төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний байдал, техник ашиглалтын журам зөрчих нь төмөр замын байгууламжийг аюулгүй ашиглах талаар тогтоосон шаардлагыг хангаагүй, зорчигчийн осол аюулгүй зорчих нөхцөлийг хангаагүй, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, шалгаж баталгаажуулаагүй төмөр зам, вагон, бусад хэрэгслийг төмөр замын тээвэрт ашигласан зэрэг хориглосон үйл ажиллагаа явуулсныг ойлгоно.  

 

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй

Субъект: Дээр дурдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий этгээд байна 

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 217.2/

Энэ хэргийн улмаас

·         Хүний амь нас хохирсон,

·         Бусад хүнд хор уршиг учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 217.3/

Энэ   хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь хохирсон бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

·         Агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон техник ашиглалтын талаар аюулгүй ажиллагааны дүрмийн ямар заалт зөрчсөнийг тодорхой тогтоох шаардлагатай.  

·         Монгол улсын дотоодын болон гадаадын усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдал, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг зөрчсөн, бүрэн бус тээврийн хэрэгслийг ашигласан зэрэг хэлбэртэй байна.

 

Бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах /ЭХ-ийн 220-р зүйл/

 

Объект: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амь нас, эрүүл мэнд нэмэгдэл объект болно.

Объектив тал: Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан

  • Илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан,
  • Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсан үйлдэл, эс үйлдэхүй байна.
  • Эдгээр үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний хохирол учирсан байна.

Бүрэн бус тээврийн хэрэгсэл гэдэгт тормозгүй эсвэл барьдаггүй, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгсэл нь эвдэрсэн, бусад эд анги эвдэрч ажиллагаагүй болсны улмаас орчин тойронд аюул учруулах эх үүсвэр болж байгаа тийм тээврийн хэрэгслийг ойлгоно. Тухайлбал: тормозны системийн эд энгийн хийцийг өөрчилсөн, тормозны гишгүүр /дөрөө/ дээр нэг удаа гишгэхэд бүх дугуйнууд жигд удаашран зогсохгүй байгаа, шингэн дамжуулгатай тормозны системийн битүүмж алдагдаж, чиргүүл тормозны системгүй буюу гэмтсэн, гар тормоз барихгүй болсон, жолооны механизм ажиллагаагүй болсон, хурдны хайрцагийн араа

хүндрэлтэй залгагддаг, араа салдаг тээврийн хэрэгслийг бүрэн биш гэж үзэж ашиглахыг хориглодог.

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй.

Субъект: Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүрэг бүхий этггээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 220.2/

Энэ хэргийн улмаас

  • Хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан,
  • Хүний амь нас хохирсон,
  • Онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэийн асуудал:

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүрэг бүхий ажилтан бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр жолоодуулан ажилд гаргаж байгааг мэдсээр байж явуулсан байвал энэ гэмт хэрэг болно.  

 

Согтуурсан буюу мансуурсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах /ЭХ-ийн 221-р зүйл/

 

Объект: Хөдөлгөөний аюулгүй байдал, хүний амь бие, эрүүл мэнд, өмчлөх эрх нэмэгдэл объект болно.

Объектив тал: 

  • Тээврийн байгууллагын ашиглалт хариуцсан ажилтан согтуурсан буюу мансуурсан этгээд гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодуулсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна.
  • Ингэж жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний хохирол учирсан нь
  • Эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байна.

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй

Субъект: Тээврийн байгууллагын ашиглалт хариуцсан ажилтан байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 221.2/

Энэ хэргийн улмаас

  • Хүний амь хохирсон,
  • Хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан,
  • Онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Жолоогоо бусдад шилжүүлэх /ЭХ-ийн 222-р зүйл/

 

Объект: Хөдөлгөөний аюулгүй байдал, хүний амь бие, эрүүл мэнд өмчлөх эрх нэмэгдэл боъект болно.

Объектив тал:

  • Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, эсвэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн үйлдэл байна,
  • Энэ үйлдлийн улмаас хүний бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл, их хэмжээний хохирол учирсан байна.
  • Үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

Субъектив тал: Санаатай, болгоомжгүй

Субъект: Жолоогоо согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй этгээдэд шилжүүлсэн этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 222.2/

Энэ хэргийн улмаас:

  • Хүний амь нас хохирсон,
  • Хүний бие махбодид хүнд гэмтэл
  • Онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

1.    Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник. ашиглалтын журам зөрчихтэй холбоогүй гэмт хэргүүд

 

 

Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх,зугтаах /Эрүүгийн хуулийн 216-р зүйл/

         Обьект нь: Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын хууль тогтоомжоор тогтоосон журам, бусдын амь бие эрүүл мэндээ хамгаалуулах буюу өмчлөх эрх нэмэгдэл Обьект болно.

         Эрүүгийн хуулийн 216-р зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн Обьекттив тал нь зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх осол гарсан талаар зохих байгууллага,албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байна.

Энэ үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

         Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хуулийн 2-р зүйлийн 4-дэх хэсэгт “тээврийн хэрэгслийн жолооч ”гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг хэлнэ гэж тайлбарласан. “Зам тээврийн осол гаргасан жолооч” гэж хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журам зөрчиж, осол болон ослын нөхцөл бүрдүүлсэн этгээд юм.

Тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөны дүрэмд зааснаар

а/ зам тээврийн осол болон техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсож бололцоотой тусламж үзүүлэх 

б/ зам тээврийн осол гаргасан бол аль ойр байгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэх,

в/ ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт хүрэгх гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх

д/ зам тээврийн осол гарсан үед осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд осол хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх зэрэг үүрэг хүллэнэ.

         Осол гаргасан жолооч дээр дурдсан хууль дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл хохирсон хүнд хүндэтгэх шалтгаангүйгээр яаралтай тусламж үзүүлээгүй, энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бол эрүүгийн хуулийн 216-р зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хобогдоно.

         Улсын дээд шүүхийн “ЭХ-н 14-р бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 5-р сарын 29-ний өдрийн 27-р тогтоолын 11-д “ЭХ-н 216-р зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан “Хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлээгүй” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд зам тээврийн осол гаргасны дараа хохирогчид эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсныг мэдсэн бөгөөд туслах болоцоо байсан атлаа түүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлээгүй түргэн тусламж дуудаагүй,осол гарсан газарт ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх бөгөөд зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэх арга хэмжээ аваагүй зэргийг ойлгоно. “Хэргийн газраас зугтаасан” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг тээврийн хэрэгслээр эсхүл явганаар санаатай орхиж явсан үйлдлийг хэрнэ”12гэж тайлбарласан.

         Субьектив тал:гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна.

         Субьект:Осол гаргасан жолооч байна.

         ЭХ-н 216-р зүйлийн 2-дахь хэсэгт жолооч зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.Энэ гэмт хэргийн онцлог нь хариуцлагаас зугтаах гэсэн зорилготой шууд ба шууд бус санаатай байна.

Хэргийн газраас оргон зугтсан гэж осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас мултрах зорилгоор хэргийн газраас зайлсан, зүг буруулан явсан, тээврийн хэрэгслийн улсын номер дугаарыг өөрчлөх, гэмт хэргийн ул мөрийг баллахад чиглэгдсэн идэвхтэй ажиллагааг ойлгоно.

 

Зүйлчлэлийн асуудал: 

  • Зам тээврийн осол гаргаж хүний бие махбодид гэмтэл учруулаад хохирогчид яаралтай тусламж үзүүлэлгүй, хэргийн газраас зугтсан этгээдийн үйлдлийг ЭХ-ийн 215.1, 216 дугаар зүйлээр давхар зүйлчлэн нийлмэл гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэнэ.

·         Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, үлэмж хэмжээний материалын хохирол учруулаад хэргийн газраас зугтсан, хохирогчид тусламж үзүүлээгүй этгээдийн үйлдлийг ЭХ-ийн 215.1, 216 дугаар зүйлээр давхар зүйлчилнэ.

·         Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь хохирсон боловч жолооч өөрөө гэмтсэн, шархдсан учраас хохирогчид яаралтай тусламж үзүүлээгүй, осол гарсан талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх боломжгүй байсан бол ЭХ-ийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болохгүй.

·         Хэрэв зам тээврийн осол нь хохирогчийн болон бусад хүмүүсийн буруутай ажиллагаанаас болсныг хажуугаар нь өнгөрч явахдаа харсан жолооч, хохирогчид тусламж үзүүлэх, энэ тухай холбогдох байгууллагад мэдэгдэх боломжтой байсан хэр нь мэдэгдээгүй бол ЭХ-ийн 215, 216 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болохгүй. 

  • Жолоочийн буруутай үйл ажиллагааны /хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчсөн/ улмаас хохирогч гэмтэл авсан даруйдаа нас барсан учир тусламж үзүүлэх шаардлага гараагүй, түүнчлэн хэргийн газрыг орхиж явсан бол ЭХ-ийн 216 дугаар зүйлээр зүйлчилнэ. 
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах замаар амь насанд аюултай байдалд оруулсан жолоочийн үйлдлийг ЭХ-ийн 107 дугаар зүйлээр давхар зүйлчлэхгүй зөвхөн ЭХ-ийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болно.

 

Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг чанаргүй засварлах, ашиглалтанд оруулах /ЭХ-ийн 218-р зүйл/

 

Объект: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, ашиглалтын аюулгүй нөхцөл, хүний амь бие, эрүүл мэнд нэмэгдэл объект болно.

Халдлагын зүйл:   Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмж.

Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмж гэдэг нь автомашин, галт тэрэг, усан онгоц, агаарын хөлөг төдийгүй тэдгээрийг ашиглахтай холбоотой авто, төмөр зам, нислэгийн талбай, гэрлэн дохионууд, төмөр замын холбоо, дохиоллын сум, авто зам, гүүр төхөөрөмж хамаарна.

Объектив тал: Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар хариуцсан ажилтан,

·         Тэдгээрийг чанар муутай засварласан,

·         Ашиглалтанд оруулсан үйлдэл, эс үйлдэхүй байна,

·         Эдгээр үйлдэл, эс үйлдэхүйн улмаас осол гарсан,

·         Ослын үр дүнд хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, их хэмжээний хохирол учирсан байна.

Тээврийн хэрэгсэл зам харилцааны төхөөрөмжийг чанаргүй засварласан гэж засварлах, сэргээн босгох технологийн горимыг зөрчсөн, стандарт чанарын шаардлага хангахгүй сэлбэг хэрэгсэл ашиглаж засварласан учир аюулгүй байдлын горимд тохирохгүй байхыг хэлнэ.

Субъектив тал: Болгоомжгүй

Субъект: Хуульд заасан үүрэг бүхий ажилтан байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 218.2/

Энэ хэргийн улмаас

  • Хүний амь хохирсон,
  • Бусад хүнд хор уршиг учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 218.3/

Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш тооны хүний амь хохирсон бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

  • Ослын нөхцөл бий болгох нь мэдрэгдэж байгаа тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг шалгаж туршилгүйгээр хөдөлгөөнд оруулсан бол энэ зүйлээр зүйлчилнэ.

 

Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг эвдэх, гэмтээх /ЭХ-ийн 219-р зүйл/

 

Объект: Авто, төмөр зам, агаар, усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллах нөхцөл. Хүний амь бие, эрүүл мэнд, өмчлөх эрх нэмэгдэл объект болно.

Халдлагын зүйл: Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмж

Зам харилцааны төхөөрөмж гэж модон болон төмөр бетон, чулуун бусад гүүр, гүүрэн гарц, усны хоолой, овоо, замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын зурвас газарт байгаа бусад байгууламж юм. /Төрийн мэдээлэл, 1998. ¹ 2/.

Төмөр замын байгууламж гэж төмөр замын холбоо, дохиолол, эрчим хүч, усан хангамжийн сүлжээний тоног төхөөрөмж, ус, шороо, зам шугам, гарам, гүүр, хоолой, хориг хашаа, үерийн хамгаалалтыг хэлнэ. /Төрийн мэдээлэл, 1996. ¹ 8/  

Объектив тал: 

  • Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмжийг эвдсэн, гэмтээсэн үйлдэл, эс үйлдэхүй байна.
  • Эдгээр үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, их хэмжээний хохирол учирсан байна
  • Эдгээрийн хооронд шалтгаант холбоо байна

Гэмтээх гэж тэдгээрийн эд ангийг гэмтээх замаар зориулалтаар ашиглах боломжийг хагас алдагдуулахыг хэлнэ.   

Устгах гэдэг нь тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг сэргээн засварлах, зориулалтаар нь ашиглах боломжийг бүрэн алдагдуулахыг хэлнэ.

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй.

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 219.2/

Энэ хэргийн улмаас

  • Хүний амь нас хохирсон,
  • Хүнд хор уршиг учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах /ЭХ-ийн 2203-р зүйл/

 

Объект: Хөдөлгөөний аюулгүй байдал, бусдын өмчлөх эрх нэмэгдэл объект болно.

Объектив тал: Авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтааснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Тээврийн хэрэгслийг авч зугтааах нь субъект шунахай зорилгогүйгээр өөрөөр хэлбэл хөл дайх, унаж тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшсэн байхыг хэлнэ. Машинд орж сууж хөдөлгөсөн бол гэмт хэрэг төгсөнө.

Субъектив тал: Санаатай, шунахай зорилгогүй, хөл дайх, унах гэсэн зорилготой байна.

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 223.2/

Энэ хэргийг:

·         Давтан үйлдсэн,

·         Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн,

·         Хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол ялыг хүндрүүлнэ.

Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 223.3/

Энэ хэргийг

  • Зохион байгуулалттай бүлэг үйлдсэн,
  • Хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж үйлдсэн бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Амь биед аюулгүй хүч хэрэглэх гэдэг нь авто машинаа эзэмших, өмчлөх боломжийг алдагдуулах зорилгоор түлхэх, дэгээдэж унагах зэрэг үйлдэл хийхийг ойлгоно.

 

Зүйлчлэлийн асуудал:

·         Тээврийн хэрэгслийг эхлээд ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч яваад орхиод явахдаа эд анги, бусад эд зүйлийг авч явсан бол ЭХ-ийн 223-р зүйлийг хулгайлах гэмт хэрэгтэй давхар зүйлчлэн хариуцлага хүлээлгэнэ. 

·         Аюултай хүч хэрэглэх нь цохих, зодох, гэмтэл учруулах шинжтэй үйлдэл юм. Энэ тохиолдолд ЭХ-ийн 147-р зүйлээр давхар зүйлчлэх шаардлагагүй.

 

Олон улсын нислэгийн журам зөрчих /ЭХ-ийн 224-р зүйл/

 

Объект: Олон улсын агаарын шугам дахь агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдал.

Халдлагын зүйл: Агаарын хөлөг

Объектив тал: Олон улсын нислэг үйлдэж байгаа нисэх багийн бүрэлдэхүүн зохих зөвшөөрөлгүйгээр

  • Монгол улсад нисэж ирсэн,
  • Монгол улсаас нисэж гарсан,
  • Зөвшөөрөгдсөн агаарын зам, хаалга, буух газрыг хүндэтгэх шалтгаангүйгээр дур мэдэн өөрчлөх зэргээр олон улсын нислэгийн журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.

Нислэг гэж агаараас хүнд агаарын хөлгийн хувьд хөөрөх зорилгоор зогсоолоос хөдлөхөөс эхлэн газарт эргэн бууж хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх. Агаараас хөнгөн агаарын хөлгийн хувьд газрын гадаргуугаас хөөрөхөөс эхлэн газардах хүртэлх үйл ажиллагааг ойлгоно.

Олон улсын нислэг гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон агаарын хаалгаар Монгол улсын хилийг нэвтэрч батлагдсан олон улсын агаарын замаар үйлдэх нислэг юм. /Төрийн мэдээлэл, 1999. ¹ 5/  

Монгол Улсын болон гадаад улсын агаарын хөлөг нь:

·         Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвшөөрөлгүй,

·         Түүнчлэн манай улсын агаарын зайд нислэг үйлдэх гадаадын агаарын хөлөг нь гуравдагч этгээдэд учирч болох хохирлыг хариуцах баталгаагүй нислэг үйлдсэн,

·         Гадааад улсын иргэний нисэхийн байгууллага, иргэн нь Монгол улсын агаарын зайд олон улсын нислэг үйлдэж агаарын хөлгийн таних тэмдэг, бусад мэдээллийг урьдчилан өгөлгүй нислэг үйлдсэн,

·         Нэгэнт тогтоогдсон агаарын зам, нислэгийн чиглэлийг зөрчиж нислэг үйлдсэн,

·         Агаарын зам, хаалга, буух газрыг дур мэдэн өөрчилсөн бол энэ зүйлд заасан гэмт хэрэг болно.

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй.

Субъект: Нисэх багийн бүрэлдэхүүн.

Нисэх баг гэж нислэгийн хугацаанд агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах хариуцлага хүлээсэн, хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй агаарын хөлгийн багийн гишүүд юм. 

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 224.2/

Энэ хэргийн улмаас

  • Агаарын хөлөг осолдсон,
  • Сүйрсэн,
  • Их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Агаарын хөлөг авч зугтаах /ЭХ-ийн 225-р зүйл/

 

Объект: Агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдал, хүний амь бие, эрүүл мэнд нэмэгдэл объект болно.

Халдлагын зүйл: Агаарын хөлөг

Агаарын хөлөг гэж агаарын өгсөх урсгалын нөлөөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж юм.

/Төрийн мэдээлэл, 2001 он ¹ 50/

Объектив тал: Нислэгт буюу газарт байгаа агаарын хөлгийг авч зугтаасан идэвхтэй үйлдэл байна. Авч зугтаасан үйлдэл хийснээр гэмт хэрэг төгсөнө.

Агаарын хөлгийг авч зугтаах гэж субъект хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж агаарын хөлгийг эзлэн авч өөрийн сонгосон чиглэл, маршрутаар авч явахыг хэлнэ. 

Субъектив тал: Шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 225.2/

Энэ хэргийг:

·         Хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн,

·         Агаарын хөлгийг авч зугтаах зорилгоор эзэлж авсан үйлдэл байна.

Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 225.3/

Энэ хэргийг

  • Давтан үйлдсэн,
  • Олон хүний амь насанд аюултай арга, зэвсэг хэрэглэж буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн,
  • Уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон,
  • Бусад хүнд хор уршиг учирсан бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Олон хүнийг амь насанд аюултай арга, зэвсэг хэрэглэсэн гэж агаарын хөлгийг эзлэн авах, зугтаахдаа тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг хэрэглэсэн хэрэглэхээр завдсан байхыг ойлгоно. Энэ хэргийн үед хүний санаатай алсан бол ЭХ-ийн 225 дугаар зүйлийг 91-дүгээр зүйлтэй давхар зүйлчилнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Би үзэж байгаа хичээлээ сайн ойлгодоггүй байсан.Таны хичээл их ойлгомжтой байлаа.
бичсэн Зочин цаг: 22:01, 2020-05-02 | Холбоос | |
unheer ih bayrlalaa ярзайтал инээх
бичсэн tnx цаг: 18:28, 2014-04-22 | Холбоос | |
bayarlalaa mash heregtei zuil bna
бичсэн Зочин цаг: 14:24, 2014-03-16 | Холбоос | |



:-)
 
xaax