ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

2011-03-03,

1.     Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

2.     Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргүүд

3.     Хүн амын эрүүл мэндийн эсрэг бусад гэмт хэргүүд

 

1. Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, үйлдвэрлэх, хууль бусаар олж авах, мансууруулах бодис агуулсан ургамал тарьж ургуулах, хураан авах, хууль бус эмчилгээ, эмийн сангийн ажиллагаа эрхлэх, тахал болон гоц халдварт бусад өвчинтэй тэмцэх журам зөрчих, хүчтэй үйлчлэх, хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, тээвэрлэх, борлуулах, орчиндоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй байлгах зэргээр хүзн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгосон, эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг зөрчигдөж буй шууд объектынх нь шинж чанараас хамааруулан:

 1. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргүүд

·         Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэр, илгээх, борлуулах /ЭХ-ийн 192-р зүйл /

·         Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх журам зөрчих /ЭХ-ийн 193-р зүйл /

·         Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар авах /ЭХ-ийн 194-р зүйл /

·         Мансууруулах бодис агуулсан ургамлыг тарих, ургуулах, хураан авах /ЭХ-ийн 195-р зүйл/

2. Хүн амын эрүүл мэндийн эсрэг бусад гэмт хэргүүд

·         Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах /ЭХ-ийн 196-р зүйл /

·         Хууль бусаар эмчлэх     /ЭХ-ийн 197-р зүйл /

·         Хууль бус эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх /ЭХ-ийн 198-р зүйл /

·         Тахал болон гоц халдварт бусад өвчинтэй тэмцэх журам зөрчих /ЭХ-ийн 199-р зүйл /

·         Хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /ЭХ-ийн 200-р зүйл /

·         Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах /ЭХ-ийн 201-р зүйл / гэж ангилна.

Нийтлэг бүрэлдэхүүн:

Объект: Хүн амын эрүүл мэндийг хангах ашиг сонирхол үндсэн объект болно. 

Хүмүүсийн амь бие, эрүүл мэнд, зарим төрлийн гэмт хэргийн нэмэгдэл объект болж байна.

Халдлагын зүйл: ЭХ-ийн 192, 193, 194, 195, 196, 198, 200-р зүйлд заавал байх шинж болно.

Объектив тал: Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдийн дийлэнх нь зөвхөн субъектын идэвхтэй үйлдлээр илэрнэ. Тухайлбал, ЭХ-ийн 192, 194, 195, 196, 198, 200-р зүйлд заасан гэмт хэрэг хамаарна.

Харин ЭХ-ийн 193, 197, 199, 200-р зүйлд зааасан гэмт хэргүүд эс үйлдэхүйгээр илрэх боломжтой.

ЭХ-ийн 194, 195, 197, 199, 200-р зүйлд заасан гэмт хэргүүд материаллаг, бусад гэмт хэргүүд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.

Субъектив тал: Энэ бүлэгт заасан ихэнх гэмт хэргүүд зөвхөн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Эдгээрт ЭХ-ийн 192-196, 198-200-р зүйлд заасан гэмт хэргүүд хамаарна.

Харин ЭХ-ийн 197, 199, 201-р зүйлд заасан гэмт хэргүүд гэм буруугийн санаатай ба болгоомжгүй хэлбэртэй байж болно.

 ЭХ-ийн 192.2, 194, 195, 196, 198-р зүйлд заасан гэмт хэргүүд шунахай сэдэлттэй байна.

Субъект: Энэ бүлэгт заасан бүх гэмт хэргиййг зөвхөн хэрэг хариуцах чадвартай 16 насанд хүрсэн этгээд үйлддэг.

ЭХ-ийн 197, 199, 201 дүгээр зүйлийн хувьд тусгай субъект байна.

 

1. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргүүд

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /ЭХ-ийн 192-р зүйл/

1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг   борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

3.Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг: онц их хэмжээгээр, насанд хүрээгүй хүн оролцуулж, онц аюултай гэмт хэрэгтэн, давтан,урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЭХ-ийн 192-р зүйл 1 дэх хэсэг:

НҮБ-ын 1961 оны нэгдсэн конвенцоор “Оролцогч тал нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх аливаа бодисыг санал болгох, худалдах зорилгоор тараах, худалдаалах, дурын нөхцөлтэйгөөр нийлүүлэх явдлыг гэмт хэрэгт тооцох арга хэмжээ авна” гэж заасны дагуу уг хэргийг ЭХ-д заасан юм.  

Объект: Нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгууллагын хэвийн ажиллагаа

Халдлагын зүйл: Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис

Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис гэж тодорхой тоо чанарын шинжтэй материаллаг объект бөгөөд ийм эм, бэлдмэл бодис болохыг эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтооно. Ийм бодис биш бол энэ гэмт хэргийн халдлагын зүйл болохгүй юм. 

Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодист НҮБ 1988 оны, Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бус эргэлтийн эсрэг конвенц, ийм бодисын тухай конвенцид зааснаар 14 нэр төрлийн, тухайлбал, амобарбитал, фенметразин, пентабарбитал, декстрометорфан, ципепрол, кетамин, этаминал натри зэргийг хамааруулан ойлгодог

Эдгээр бодис нь хүнийг төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж байвал тэр нь эмнэлгийн шалгуур болно. Тухайн бодисыг хэрэглэсэн хүний уураг тархи, төв мэдрэлийн системд нь давамгайлан үйлчилж мансуурал хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ, нөлөөлөл үзүүлдэг.

Объектив тал: Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр

·         хууль бусаар бэлтгэсэн

Борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэдэг нь байгалийн гаралтай /намуу цэцэг/. Зэрэг ургамлаас болон химийн найрлагатай эм, бэлдмэлээс зориуд гарган авахыг хэлнэ.

·         олж авсан

Хууль бусаар олж авсан гэдэг нь худалдаж авах, хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх болон бусад гэмт хэрэг үйлдэх замаар өөрийн эзэмшилд авах үйлдэл юм. Энэ тохиолдолд цааш нь борлуулах зорилгогүй байна. 

·         хадгалсан үйлдэл байна.

Хууль бусаар хадгалсан гэж хууль бус, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн дээрх эм, бэлдмэл, бодисыг өөрийн гэр орон, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлнэ. 

Үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Субъектив тал: Шууд санаатай, борлуулах зорилгогүй

Субъект: 16 насанд хүрсэн этгээд байна

ЭХ-ийн 192-р зүйл 2 дэх хэсэг:

Объект: Хүн амын эрүүл мэнд, байгууллагын хэвийн ажиллгаа

Объектив тал: Дээр дурдсан бодис, эм, бэлдмэлийг борлуулах зорилгоор

·         хууль бусаар бэлтгэсэн

  • олж авсан
  • хадгалсан
  • тээвэрлэсэн

Тээвэрлэх гэдэг нь дурдсан зүйлийг өөр улс, нэг улсын нутгийн захиргааны нэгжид худалдах, борлуулах зорилгоор тээврийн хэрэгслээр /галт тэрэг, машин/ явуулахыг ойлгоно. Субъект өөрөө оролцохгүй байж болно. 

·         Илгээсэн

Илгээх гэдэг нь шуудангийн боломжийг ашиглан хууль бусаар /нууцаар/ илгээмж, илгээлт, багажид хийж нэг газраас нөгөө газарт /гадаад, дотоод/ явуулахыг ойлгоно.

·         борлуулсан үйлдэл байна. 

Борлуулах гэдэг нь аливаа аргааар үнэ төлбөртэйгээр бусдад шилжүүлэх /худалдах, бэлэглэх, бусад эд бараагаар сольж авах, өрөнд өгөх, зээлдэх үйл ажиллагаа юм. Энд борлуулах зорилготой олж авдаг, хадгалдаг, илгээдэг, тээвэрлэдэг.

Субъектив тал

Санаатай,   борлуулах зорилготой.

Субъект: 16 насанд хүрсэн этгээд байна.

ЭХ-ийн 192-р зүйл 3 дахь хэсэг:

ЭХ-ийн 192.2-т заасан хэргийг:

  • онц их хэмжээгээр

Онц их хэмжээгээр үйлдсэн гэдгийг мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан жишиг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоохын хамт хүний бие организмд нөлөөлөх хүчин, нөлөөллийн мөн чанарыг харгалзана. Тухайлбал, ОХУ-ын Шүүхийн практикт марихуан хатаасан - 0.1-100 гр, гашиш - 0.1-100 гр, каннабисын давирхай 40 гр хүртэл, хар тамхи 0.1-10 гр, морфин 0.01-1 гр, героин - 0.005 гр, кодейн 0.2-10 гр, промедол -0.03-3 гр, фенимин - 3 гр, эфедрон 0.02-3 гр, кокаин 0.01-1гр хүртэлх хэмжээгээр жишиж үнэлдэг.

  • насанд хүрээгүй хүн оролцуулж
  • онц аюултай гэмт хэрэгтэн
  • давтан
  • урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Субъект: Албан тушаалтан байна.

Зүйлчлэлийн асуудал:

·         Субъектын үйлдлийг ЭХ-ийн 192.1-р зүйлчлэхэд тухайн бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан байхыг, харин 192.2-оор зүйлчлэхэд заавал борлуулах зорилгоор дурдсан үйлдлүүдийг хийдэг болохыг тогтоох шаардлагатай

·         Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр бага бус хэмжээгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан. Өөрөөр хэлбэл субъект өөрийн хувийн хэрэгцээнд зориулсан байвал захиргааны хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

  • Хэн нэгэн этгээд бусад этгээдээс түүний гуйлт, хүсэлтээр дээр дурдсан бодисыг хадгалахаар авсан нь энэ зүйлд заасан гэмт хэрэг болохгүй.
  • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн бол ЭХ-ийн 192.2-ыг 188.2-той давхар зүйлчлэн хариуцлага хүлээлгэнэ.
  • Иргэний мөнгө, эд хөрөнгийг авах зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг зарж борлуулсан бол залилан мэхлэх гэмт хэргээр, харин худалдан авагчийн үйлдлийг ийм бодис олж авахаар завдсан гэж ЭХ-ийн 32-ыг журамлан борлуулах зорилготой байсан эсэхийг харгалзан 192 дугаар зүйлийн холбогдох хэсгээр зүйлчилнэ.
  • Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хээл хахуулийн халдлагын зүйл болгон өгч авалцсан бол хээл хахууль авагчийн үйлдлийг ЭХ-ийн 268 дугаар зүйлийн холбогдох хэсэг 192.1 /олж авсан/ өгөгчийн үйлдлийг дээрх бодисыг борлуулсан гэж ЭХ-ийн 192.2, 269 дүгээр зүйлээр давхар зүйлчилнэ.

 

Мансууруулах болон сэтггэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх журам зөрчих /ЭХ-ийн 193-р зүйл/

 

           193.1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис, тэдгээрийг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хадгалах, бүртгэх, худалдах, хуваарилах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, устгах журмыг зөрчсөн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Объект: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх журам.

Халдлагын зүйл: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис үйлдвэрлэхэд хэрэглэгддэг бодис, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл .

Объектив тал: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис, тэдгээрийг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг

  • үйлдвэрлэх
  • бэлтгэх
  • боловсруулах
  • хадгалах
  • бүртгэх
  • худалдах
  • хуваарилах
  • тээвэрлэх
  • улсын хилээр нэвтрүүлэх
  • устгах журмыг зөрчсөн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна. Үйлдлүүдийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсөнө.

Субъектив тал: Санаатай, шунахай сэдэлттэй

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Зүйлчлэлийн асуудал:

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар авах /ЭХ-ийн 194-р зүйл/

1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, завших зэргээр хууль бусаар авсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ хэргийг:

1. их буюу онц их хэмжээгээр;

2.мэргэжлийн болон албан тушаалын байдлаа ашиглаж;

3.урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд;

4.давтан;

5.бүлэглэж үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

Объект: Нийгмийн аюулгүй байдал. Дээрх эм, бэлдмэл, бодисуудыг хууль ёсоор өмчлөгчийн эрх.

Халдлагын зүйл: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис

Объектив тал: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг

  • хулгайлах
  • булаах
  • дээрэмдэх
  • залилан мэхлэх
  • завших зэргээр хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. 

Субъектив тал: Санаатай, шунахай сэдэлттэй байж болно.   

Субъект: 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 194.2/

Энэ хэргийг

·         их буюу онц их хэмжээгээр үйлдсэн /ЭХ-ийн 29-р зүйл/

  • мэргэжлийн болон албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн
  • давтан үйлдсэн
  • бүлэглэж үйлдсэн
  • урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Зүйлчлэлийн асуудал:

 

Мансууруулах бодис агуулсан ургамлыг тарих, ургуулах, хурааж авах /ЭХ-ийн 195-р зүйл/

1.Мансууруулах бодис агуулсан ургамлыг тарьсан, ургуулсан, хурааж авсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Объект: Нийгмийн аюулгүй байдал. Хүн амын амь бие, эрүүл мэнд.

Халдлагынзүйл: Мансууруулах бодис агуулсан ургамал

Объектив тал: Мансууруулах бодис агуулсан ургамлыг

  • тарьсан
  • ургуулсан
  • хурааж авсан үйлдлүүдийн аль нэг нь байна. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

Субъектив тал: Санаатай. Өөрийн хэрэгцээнд хэрэглэх, зарж борлуулж ашиг олох сэдэлттэй байна.

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах /ЭХ-ийн 196-р зүйл/

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх байр байгуулсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш арван /арван таван/ жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

 

Объект: Хүмүүсийн, ялангуяа залуучуудын эрүүл мэнд, ёс суртахуун байна.

Халдлагын зүйл: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис

Объектив тал: Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх байр байгуулснаар гэмт хэрэг төгсөнө. 

Субъектив тал: Санаатай, ийм замаар хөнгөн хялбар аргаар ашиг олох гэсэн зорилготой.

Субъект: 16 насанд хүрсэн этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 196.2/

Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, бүлэглэл үйлдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл болно.

Зүйлчлэлийн асуудал:

  • Мансууруулах бодис агуулсан опиум, намуу цэцэг, олсны ургамал болох конопля, каннабис, цайвар болон шар хурган засаа, хар лантанз зэрэг ургамлыг зориуд тарьж, ургуулж хурааж авсан бол энэ зүйлд заасан гэмт хэрэг болно.
  • Дээр дурдсан бодисыг нууцаар хэрэглэх боломж бүрдүүлэх зорилгоор зочид буудал, баар, цэнгээний газар, дэн буудал, караоке зэрэг үйлчилгээний газрын үйл ажиллагаагаар халхавчлан мансууруулах бодис хэрэглэдэг тусгай газар бий болгох, байр төхөөрөмжлөх нь ЭХ-ийн 196-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг юм. 

 

3. Хүн амын эрүүл мэндийн эсрэг бусад гэмт хэргүүд

Хууль бусаар эмчлэх /ЭХ-ийн 197-р зүйл/

1.Эмчийн мэргэжлийн бус этгээд эмчилгээ эрхэлсний улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

           2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Объект: Хүн амын эрүүл мэнд, эрүүл мэндээ хамгаалуулах эрх

Объектив тал: 

  • эмч мэргэжлийн бус этгээд эмчилгээ эрхэлсэн үйлдэл байна.
  • энэ үйлдлийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан байна,
  • үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

Хууль бусаар эмчлэх гэж эмнэлгийн дээд, дунд мэргэжилгүй этгээд өвчтөнийг үзэх, эмнэлгийн тусламж үзүүлэх, тухайлбал эм бичих, хэрхэн эмчлэх талаар зөлөлгөө өгөх, шууд эм өгөх, тариа хийх, эм, эмийн ургамал өгөх, биеийн дасгал хийлгэх зэрэг ажиллагаа юм.  

Субъектив тал: Шууд санаатай

Субъект: Эмчийн мэргэжлийн бус этгээд байна.

Эмчийн мэргэжлийн бус этгээд гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3-р зүйлд заасан анагаах ухааны дээд, дунд боловсролтой хүний их, бага эмчээс бусад эмнэлгийн дээд, дунд мэргэжилгүй хүнийг хэлнэ.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 197.2/

Энэ хэргийн улмаас

  • хүний амь хохирсон,
  • бусад хүнд хор уршиг учирсан, бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Зүйлчлэлийн асуудал:

·         Эрүүл мэндийн тухай хуулийн 17-д зааснаар анагаах ухааны болон эм зүйн боловсрол эзэмшээгүй боловч уламжлалт эмчилгээ эрхэлж байгаа хүнд эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагаас мэргэжлийн шалгалт авч, эмчлэх, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосны дагуу хүнийг эмчилсэн бол энэ зүйлд заасан гэмт хэрэг болохгүй. 

 

Хууль бусаар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх /ЭХ-ийн 198-р зүйл/

Объект: Эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх талаар тогтоосон журам, хүн амын эрүүл мэнд нэмэгдэл объект болно.

Объектив тал: Эмийн сангийн үйл ажиллагааг эрхэлж байгаа этгээд эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, хугацаа дууссан эм, бэлдмэлийг их хэмжээгээр борлуулсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна. 

Эм гэж хүнийг болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэл зүйн сорилт, туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьмтан, ургамал, эрдсийн гаралтай тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг бодисыг хэлнэ.  

Эм барих гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагаа юм.

Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл авсан эм барих, эмийн сангийн бусад үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд зөвшөөрөлд дурдсан ажиллагааг явуулах үүрэгтэй.

Субъектив тал: Шууд санаатай, шунахай сэдэлттэй

Субъект: Эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 198.2/

Энэ хэргийн улмаас

  • хүний амь хохирсон,
  • бусад хүнд хор уршиг учирсан, бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Зүйлчлэлийн асуудал:

  • Субъект эмчилгээнд хэрэглэхийг хориглосон чанарын баталгаажуулалт хийгдээгүй, дууриамал, хуурамч болон эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, хугацаа нь дууссан нь илт мэдэгдэж байгаа эм, малын зориулалттай эмийг хүнд борлуулсан /худалдсан, арилжсан/ бол энэ зүйлээр зүйлчилнэ. 

 

Тахал болон гоц халдварт бусад өвчинтэй тэмцэх журам зөрчих /ЭХ-ийн 199-р зүйл/

Объект: Хүн эмын эрүүл мэнд.

Объектив тал:

  • Ариун цэвэр-эрүүл ахуй, дархлаажуулалтын талаар тогтоосон журам, түүнчлэн тахалтай тэмцэх журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй
  • дархлаажуулалтаас хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийсэн эс үйлдэхүй байна.
  • журам зөрчсөн, зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тахал буюу гоц халдварт өвчин бусад өвчин тархсан буюу тархаж болох байсан хор уршиг учирсан
  • үйлдэл, эс үйлдэхүй хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

Ариун цэвэр-эрүүл ахуйн талаар мөрдөх журмыг тахал болон бусад гоц халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх, устгах замаар хүн амын эрүүл мэнд, амьдрал, үйл ажиллагааны нөхцөлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар гаргаж хэрэгжүүлэлтэд нь хяналт тавьдаг. 

Ариун цэврийн хяналт гэж ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, дүрмийн биелэлтийг хянах ажиллагаа юм.

Журам зөрчих нь журамд дурдсан тахал болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, дархлаажуулалтыг зохих ёсоор хийгээгүй эс үйлдэхүй байна.  

Дархлаажуулалтын тухай хуульд заасан заавал хийгдэх, нөхөн болон нэмэгдэж хийгдэх дархлаажуулалтын бүх арга хэмжээнээс хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийсэн эс үйлдэхүй байна.  

Субъектив тал: Болгоомжгүй

Субъект: Дээр дурдсан өвчинтэй тэмцэх үүрэг бүхий этгээд. 

 

Хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /ЭХ-ийн 200-р зүйд/

ЭХ-ийн 200-р зүйл 1 дэх хэсэг

Объект: Хүн амын эрүүл мэнд,

Халдлагын зүйл: Мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодис.

Хүчтэй үйлчлэх бодис гэж хүнийг нойрсуулах, бие, эрхтэнд мэдээ алдуулах, өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг нийлэг, байгалийн гаралтай бодисууд байна. Тэдгээрийг эмчилгээ болон бусад зорилгоор ашиглах тусгай журам байдаг.  

Хорт бодис /химийн/ гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар гэмтэл, үхэлд хүргэх үйлчилгээтэй /цацраг идэвхт, мансууруулах болон сэтгэл заслын бодис, эмийн бэлдмэл, хүнсний нэмэлтээс бусад/ бодис бэлдмэл юм.

Объектив тал: Мансууруулахаас бусад хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг

·         үйлдвэрлэх

Эдгээр бодисуудыг химийн урвалд оруулах, холих, уусгах, найруулах замаар үйлдвэрлэж болон бэлтгэдэг.  

·         олж авах

Олж авах гэдэг нь эдгээрийг бусдаас худалдан авсан, өрөнд авах зэргээр өөрийн эзэмшилд авсныг хэлнэ.

·         хадгалах

Хадгалах гэж уг бодисуудыг ил далд аргаар өөрийн эзэмшилд байлгах явдал юм.

·         олгох

·         бүртгэх

·         тээвэрлэх

Тээвэрлэх гэж тээврийн бүх хэрэгсэл ашиглан нэг газраас нөгөөд шилжүүлэхийг хэлнэ.

·         илгээх талаар тогтоосон журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй.

Илгээх гэж шуудангийн илгээлт, илгээмж, ачаа тээшээр тодорхой хаягаар явуулах, хүргүүлэхийг хэлнэ.

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй борлуулах зорилгогүй

Субъект: 16 насанд хүрсэн нийтлэг субъект байна.

2 дахь хэсэг 

Объектив тал: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодисыг борлуулах зорилгоор,

  • хууль бусаар бэлтгэсэн
  • олж авсан
  • хадгалсан 
  • тээвэрлэсэн
  • илгээсэн
  • борлуулсан байна. 

Субъектив тал

Санаатай,   борлуулах зорилготой

Субъект: Нийтлэг байна. 

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 200.3/

Энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Зүйлчлэлийн асуудал:

  • Хүчтэй үйлчлэх болон хорт /химийн/ бодисыг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх, устгах талаар хуулиар тогтоосон журам, шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр гэмт хэрэг төгсөнө. Хор уршиг шаардахгүй

·         Эдгээр бодис, ялангуяа химийн хорт бодисыг үйлдвэрлэхдээ тухайн үйлдвэрлэлд ашиглах, шинээр гаргаж авах бодисын шинж чанар, хор аюул, нөлөөллийн талаар тодорхой мэдээлэл гаргаж, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, хортой, бага хортой бодис үйлдвэрлэх, импортлоход аймаг, нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл авах. Онцгой хортой химийн бодис үйлдвэрлэх, экспортлох, импортлоход Зөвлөлөөс дүгнэлт гаргуулж, Төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах, ийм бодис үйлдвэрлэхэд 18 насанд хүрсэн хүнийг ажиллуулах журам байдаг. 

  • Химийн хорт бодис хадгалах дараах шаардлагыг заавал биелүүлнэ. Үүнд: а/эдгээр бодисыг зориулалтын тусгай агуулахад тухайн бодисын онцлог шинж байдлыг харгалзан Төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон журмын дагуу хадгална. б/ийм бодис хадгалах агуулахыг сум, дүүргийн засаг даргын тогтоосон газар байгуулна. в/хадгалахдаа түүний сав, баглаа, боодол дээр нэрийг нь тод томоор бичиж шошго зүүх, г/химийн хорт бодисыг түүний хорын зэрэглэл болон бусад бодистой хамт хадгалж болдоггүй шинж чанарыг харгалзан тусад нь хадгалах зэрэг болно. 

·         Эдгээр бодисыг худалдахдаа аж ахуйн нэгж, иргэд дараах шаардлагыг заавал биелүүлнэ. Үүнд: а/бодисыг худалдах, худалдан авахдаа түүний нэр төрөл, шинж чанар, хэмжээ, зориулалт зэргийг тодорхойлж авсан, өгсөн баримт үйлдэж гарын үсгээр баталгаажуулах, б/химийн хорт бодисыг тусгай цэгээр дамжуулан хүнсний бараа, бүтээгдэхүүнээс тусад нь зөвхөн ийм бодис ашиглах зөвшөөрөлтэй байгууллага, иргэнд худалдах, зөвшөөрөлтэй худалдах зэрэг болно.

  • Тээвэрлэхдээ дараах шаардлагыг биелүүлнэ. Үүнд: а/зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, б/тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд сэрэмжлүүлэх тэмдэг тавих, в/зориулалтын сав, баглаа, боодол, хайрцагт хийж, түүн дээр нэр төрөл, шинж чанарыг бичих, г/галын аюултай, тэсрэмтгий онцгой хортой химийн бодисыг Цагдаагийн байгууллагатай тохиролцон тогтоосон замаар тэдгээрийн хяналтад тээвэрлэх, д/тээвэрлэж дууссаны дараа тээврийн хэрэгслийг ариутгах, е/ ийм бодисыг хүн, амьтан, бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхгүй байх зэрэг болно. 
  • Химийн хорт бодисыг устгахдаа а/химийн хорт бодисыг хаягдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон бодисыг устгахад тухайн орон нутгийн байгаль орчин, эрүүл ахуйн байцаагчаас дүгнэлт гаргуулан холбогдох Засаг даргын зөвшөөрөл авах, б/хорт бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй аргаар устгах, в/тогтоосон журмаар, хяналтын дор устгах зэрэг болно.  

 

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах /ЭХ-ийн 201-р зүйл/

Объект: Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх.

Объектив тал:

  • орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан үйлдэл, эс үйлдэхүй байна.
  • хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршиг байна.
  • үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг шалтгаант холбоотой байна.

Орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан гэдэгт орсон буур, улайрсан бух, циркийн сургуультай амьтан, гэрийн тэжээмэл зуудаг нохой гэх мэт амьтадыг хамааруулан ойлгоно.

Субъектив тал: Болгоомжгүй

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 201.2/

Энэ хэргийн улмаас

  • хүний амь хохирсон,
  • бусад хүнд хор уршиг учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Бусад хүнд хор уршиг гэдэгт дээр дурдсан амьтны халдлагаас болж эрэмдэг зэрэмдэг, сэтгэл мэдрэлийн бусад хүнд өвчтэй болсон, эд материалын хохирол амссаныг ойлгоно.  

 

Зүйлчлэлийн асуудал:

·         Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хэн боловч орчиндоо аюул учруулах магадлал бүхий дээр дурдсан амьтадыг байнгын хяналтанд байлгах, тэдгээрийг аюулын эх үүсвэр болгохоос урьдчилан сэргийлэх үүрэг хүлээнэ.  

  • Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд зааснаар амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна. Энэ нь тэдний санаатай, болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол хариуцахгүй гэж заасан.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Ямар номон дээр байдаг юм бол
бичсэн Зочин цаг: 16:14, 2024-04-30 | Холбоос | |
bayrlla
бичсэн Зочин цаг: 16:10, 2016-04-27 | Холбоос | |
баярллаа курсын ажилд минь маш их хэрэг боллоо
бичсэн Зочин цаг: 20:17, 2016-03-20 | Холбоос | |
жа багшийн ном тэр чигээрээ байна даа
бичсэн Зочин цаг: 15:36, 2015-10-13 | Холбоос | |
аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмтхэргийн талаар ........
бичсэн Зочин цаг: 21:33, 2012-05-03 | Холбоос | |
Нохойны талаарх хуулийг хэлж өгөөч.
жн:хэзээ тавиад,хэдийд уях,тавих цагт нь тавиад хүн хазуулвал яахав... гэх мэт
бичсэн Зочин цаг: 00:12, 2011-06-17 | Холбоос | |
goy bn bagshaa namuunjin enhsaran гоё шүү гоё шүү гоё шүү
бичсэн Зочин цаг: 18:55, 2011-03-25 | Холбоос | |



:-)
 
xaax